Ц.Нэргүйн "Миний Хэнтий" шүлгийг аймгийн сурагчид нийтээрээ цээжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-26 12:10:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Норовлин сумын харъяат, яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүйн 80 жилийн ой энэ жил тохиож байна.

Төрж өссөн сум орон нутаг, үр хүүхэд, мэргэжлийн байгууллагууд хамтран мэндэлсэн ойг нь тэмдэглэх замаар зохиол бүтээлийг нь өргөн олонд уншуулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн ЕБС-ийн нийт сурагчдыг яруу найрагч, нутгийн өөрөө удирдах байгуулагад сонгогдож явсан Ц.Нэргүйн “Миний Хэнтий” шүлгийг цээжлэхийг уриалав.
 
Хан Хэнтий нутгаараа бахархах, хойч ирээдүйн эздэд хүний өсөж төрсөн, өндийж өөдөлсөн газар ямар эрхэм болохыг ойлгуулахад тус дэм болно гэж үзэж, тус аймгийн ИТХ-аас санаачлан сумдын ЕБС-ийн захирлуудад хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна.
 
Ирэх есдүгээр сард Хэнтий аймгийн нийт сурагчид “Миний Хэнтий” шүлгийг нэгэн зэрэг нэг цагт тод яруу дуудан уншиж, нутгийн найрагчаа алдаршуулах аж.

 
Миний Хэнтий

Алтан наран зоон дээр нь хөөрсөн Хэнтий ханы нуруу
Алиман саран мандал дээр нь хөвсөн Хэрлэн мөрний урсгал
Ардын нэгдэл хаяа тэлэн хөгжсөн хэдэн зуун хөндий
Аглаг хангай, хээр тал хосолсон Хэнтий сайхан нутаг минь
 
Уулсын чинь өндөрт гарсан хүний сүлд хийморь сэргэнэ
Усны чинь тунгалгийг шимсэн сүргийн шандас хөвч чангарна
Уртын чинь дууг сонссон бүхний зүрх сэтгэл баясна
Унасан газар, угаасан ус миний Хэнтий
 
Нацагдоржийн найраг шүлгэнд дээж болон цуурайлсан
Нарлаг Монголын зүрхэн талд дээшээ дэвшин цогцолсон
Намтар баян түүхийн хуудсанд дархан нэрээ үлдээсэн
Найман зовхис дөрвөн зүгт алдраа харвасан Хэнтий минь
 
Эцгийн адил танаараа овоглосон түмэн чинь жавхаатай
Ивээх мэргэн төрөөрөө жолоодуулсан олон чинь золбоотой
Эх Монголоо нүдний цэцгий мэт энхрийлсэн
Энэ яваа насаа зориулах ард түмэн чинийх ээ
 
Хороон дарга Пунцагийн сэлэм шиг хурц зоригтой
Хоролын хүү Дамбын жад шиг шулуун итгэлтэй
Хорин настай Цэвэлмаагийн саасан сүү шиг сэтгэлтэй
Хоньчин хоёр бүсгүй шиг бэрхийг давах зүтгэлтэй
 
Хүн нь найрсаг гэж дуунд орсон
Хүлэг нь хурдан гэж цууд гарсан
Төрийн одон аймгийг мялааж гялалзсан
Түмэн олон алдрыг нь өргөж яралзсан
Аймаг, уул нь адилхан нэг алдартай
Аварга сайчуулын өлгий Хан Хэнтий манайх аа
 
Уурхайнхаа гүнээс хөдөлмөрийн баатартай
Урлагийнхаа тайзнаас уртын дуучинтай
Эзэн Чингисийн домог алдартай
Эрин цагийн их аваргатай
Энэ сайхан нутгийг эрдэнэ өвөрлөсөн Хэнтий гэдэг юм
Эцэг өвгөдөөс идээшиж дассан эзэн нь гэвэл биднийг гэдэг юм
Хөрш их гүрэнтэй алтан хилээр айлссан
Хөдөлмөр тулааны талбарт ахан дүүсээр найрссан
Хаяа үүд өлзийтэй баян Хэнтий аймаг аа
Халх даяар цуутай баатар түмэн ард аа
 
Д.Одонтунгалаг

Related news