“Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-25 13:42:52
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Хэрлэн сумын ЗДТГ, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран  оролцсон байна.

Энэ үеэр Хэрлэн сумын найман багийн зорилтод бүлгээс сонгогдсон найман иргэнд дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, Хэрлэн сумын есөн өрхөд ногоо тариалах газрын гэрчилгээ, ДЗМОУБ-ын "Эко хотхон" байшин төсөлд хамрагдсан 14 өрхөд шинээр Хэрлэн сумын нэгдүгээр баг, Хангамжийн баруун урд талд газар өмчлүүлсэн гэрчилгээг тус тус гардууллаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд иргэдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар зөвлөгөө өгөх, барилгын лабораторийн тоног төхөөрөмж болон 2018 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах барилга байгууламжийг танилцуулсан юм.

Үүний зэрэгцээ Хэрлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тавдугаар багийн ногооны талбайд төмс хүнсний ногооны зориулалтаар 11 иргэнд газар эзэмшүүлж, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, “Ногоон тал” ХХК болон “ХЭННЭС” ТББ-уудтай хамтран таван төрлийн хүнсний ногооны үрийг гардуулан өгч, гарын авлага олгов. 

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн хувьд 19800 иргэнд 2155,6 га газрыг өмчлүүлж,  өмчлөлийн явц 26,9 хувьтай байгаа юм. 
Д.Одонтунгалаг
Related news