Р.Анхням: Кинонд тоглох чин хүслийг маань үнэлж сонгосон болов уу

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
177@montsame.mn
2018-03-30 15:06:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СТА, жүжигчин Р.Анхнямыг Дугаарын зочин хоймортоо урилаа. Тэрээр "Чонон сүлд" кинонд гол дүр бүтээснээрээ дэлхийн хэмжээний том төслийн багт шилэгдэн ажилласан Монголын анхдагч эмэгтэй жүжигчин болсон билээ. Авьяаслаг жүжигчин маань СУИС-д шалгалт өгөх гэж байхдаа л "Сургуулиа төгсөөд гадаадын кинонд тоглоод тоглоод явчихна" хэмээн мөрөөдөж зогссон нь сонин тохиол ажгуу.
-Манай агентлагийн “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн уралдаан”-д нэрэмжит шагналаа тууштай олгож буй цөөн хүний нэг нь та. Ийм шийдвэр гаргасан нь мэдээж учиртай байх? 
- Ахмад дипломатч, би хуурай ах маань гэдэг юм, Г.Луузан ах маань, “Нэг сайхан үйл ажиллагаа болдог юм, миний дүү нэрэмжит шагналаа өгөх үү” гэсэн санал тавьсан. Би ч “тэгэлгүй яах вэ” гэж хүлээж авсан. Үндэсний хэл бичиг гэдэг бол үндэстэн оршин тогтноход хамгийн гол зүйл. Тухайн үндэстний хэзээ бүрэлдэн тогтсон хэлийг нь судалж тогтоож байсан байдаг шүү дээ. Тэгээд, энэ үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй юм гэж шийдсэн. Гурав дахь жилдээ нэрэмжит шагналаа олгоод байна. Хойшид нэрэмжит шагналаа улам утга төгөлдөр болгох, авсан хүндээ ч ач холбогдолтой, утга учиртай байх талаас нь бодож байгаа.
-Уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг “Уран зургийн галерей”-д нээдэг. Энэ жилийн үзэсгэлэнд та оролцсон. Ямар сэтгэгдэлтэй байв?
-Өмнөх жилүүдэд нь Сүхбаатар аймагт амьдарч байсан болохоор ирж чаддаггүй байв. Нэг ангийн тэр олон хүүхдийг нэг хүн шиг бичиж сургасан багш нарын ажлаар маш их бахархсан. Мөн уралдаанд оролцогсдын бодож сэтгэсэн, бичсэн арга хэлбэр нь үнэхээр сонирхолтой байсан. Ер нь хүүхэд залуучууд ч гэлтгүй, монголчууд бүгдээрээ монгол бичгээрээ бичдэг, түүгээр бичсэн түүх судраа сөхдөг байгаасай гэж боддог.
-Сүхбаатар аймагт гурван жил амьдарчээ. Яагаад хөдөө амьдрах болов?
- Сүхбаатар аймгийн тухайн үеийн удирдлагууд нөхөрт маань тэнд очиж ажиллах санал тавьсан. Тэд “Аймгийн хөгжил бол зөвхөн байшин барилга, зам талбай зассанаар бус, оюуны болон бие бялдрын боловсролыг хүүхэд ирээдүй хойчид маш сайн олгосноор үргэлжлэн хөгжих юм байна” хэмээн гар бөмбөг, математик, шатар, усанд сэлэлт гэх мэт олон чиглэлээр сайн багш нарыг урьсан юм билээ.
Нөхөр маань гар бөмбөгийн дасгалжуулагч хүн. “Уурхайчин” спорт клубын волейболын баг, холбогч Н.Баярсайхан гэдгээр гар бөмбөг сонирхогчид сайн мэддэг. Нөхрийн маань аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Тэгээд аавынхаа нутагт сайхан үйл хийх бид хоёрын бодолтой ч нийлсэн тул тэнд гурван жил ажилласан юм. Үр дүнд нь гар бөмбөгийн маш сайхан баг гарсан.
-Буянтай үйлс байна. Хөдөөгийн ард түмэн маань их сайхан шүү дээ. Та бүхэнд яаж хандаж байв?
-Би ер нь дуу чимээтэй, багшралдсан юманд дургүй л дээ. Тэнд амар амгалан, маш сайхан байсан. Боломжийнхоо хэрээр бидэнд тусалдаг, орж гардаг, гэр бүлийн олон сайхан найзтай болсон. Дараа нь харин хотод ирэхэд бужигнаад хэцүү санагдсан шүү. 
-Хөдөө амьдарч байхдаа олон ажил амжуулжээ. Уран бүтээлээ ч завсарлаагүй, бас өнөр өтгөн болоод ирсэн гэж дуулсан?
-Намайг “Чонон сүлд”-д тоглож байхад манайх Сүхбаатар аймаг руу нүүсэн л дээ. Би охиноо хотод төрүүлчихээд, 17 хоногтойд нь очсон. Охин маань, агаар салхинд амар өссөн. Жаахан том болсны  дараа, хотод ирээд бас нэг олон ангит кинонд дүр бүтээсэн. “Чонон сүлд”-ийн нээлт гээд маш олон удаа гадагшаа явсан. Тэр ажлуудаа дуусгаж цэгцлээд бага охиноо төрүүлсэн. Тэгээд бас зүгээр суулгүй, бас нэг кинонд тоглочихоод хотод ирсэн дээ. Нөхрийн маань аавын нутаг, Алтан овоо, Шилийн богд бидэнд үнэхээр ивээлээ өгсөн шүү. Хоёр охиноор бүл нэмлээ. Гар бөмбөгийн багийн хүүхдүүд илүү их амжилт гаргаж, тэр нь амьдралд нь тустай байвал түүнээс илүү буян гэж юу байх вэ дээ. Гурван жилийн амьдрал маань дурсамжтай, маш сайхан өнгөрсөн.
-“Чонон сүлд”-ийг Европын олон оронд нээсэн. Хэдэн оронд нээхэд нь оролцов?
-Азийн орнуудад бас нээсэн. Бараг 10-аад газраар явсан. Олон газар зэрэг нээсэн учир, бүгдэд нь очих боломжгүй л дээ. Гол дүрийнхээ жүжигчдийг хуваарилаад явуулдаг байсан.
-Ер нь дэлхийд нэртэй найруулагчийн төсөлд орж ажилласны үнэ цэнэ нь таны хувьд юу вэ. Хамгийн сайхан нээлт нь хаана болсон  бэ?
-Гол нээлт нь Хятадад болсон. Мэдээж өөрсдийнх нь кино учир хамаг хүчээ тавьсан. Дараа нь 2015 оны 2-р сарын 27-нд, би өөрөө Монголдоо нээсэн. Тэр бол миний хувьд, их утга учиртай, сайхан нээлт болсон. “Чонон сүлд” бол олон сайхан хүмүүстэй намайг учруулсан, уулзуулсан, бодол, харааг минь тэлсэн.
-Ер нь хүний хүсэл мөрөөдөл гэдэг том жигүүр, далавч ургуулдаг юм байна гэж бодогдсон. Юун гэвэл, 2010 онд өгсөн нэг ярилцлагадаа, гадаадын кинонд тоглох мөрөөдөлтэй байдаг тухайгаа ярьсан байсан?
-Би СУИС-д оюутан болох шалгалт өгөх гээд зогсож байхдаа ингэж ярьсан байдаг юм. “Найз аа, биднийг сургуулиа төгсөхөд амьдрал их гоё болно. Манайхан гадныхантай нийлээд кино их хийнэ. Тэгээд бид тэдэнд нь тоглоод, тоглоод явчихна шүү дээ” гэж, тэр сургуульд намайг авах авахгүйг нь ч мэдэхгүй байж, жүжигчин болно гэдэгтээ бат итгэчихсэн, бас шалгалт өгөх гэж байгаа нөхөртөө ярьж байгаа нь тэр шүү дээ /инээв/. Тэр үе бол хүмүүсийн амьдрал тийм сайн байгаагүй, ганзагын наймааны ид үе л дээ.
Тэгэхээр хүн дандаа сайхан юм ярьж, бодож байх хэрэгтэй. Түүнийхээ төлөө зорих, хөдөлмөрлөх ёстой. Аливаа юманд заавал гарц байдаг, тэр үед нь харин бэлэн байх хэрэгтэй гэж би боддог юм.
-“Чонон сүлд”-д тоглохоос өмнө өмнөд хөршийн хэд хэдэн кинонд тоглочихсон байсан. Анх яаж тэр том “тайз дэлгэцрүү хөл тавив?
- Хятадууд нэг кинонд жүжигчин хайж, Монголд сонгон шалгаруулалт хийхэд нь тэнцсэн. Эхний кинонд тэгэж явсан. Тэр үеийн маань тухай нэг хүн ингэж ярьдаг юм. Нэг хятад зохиол надад өгсөн байхгүй юу. Би нэг ч үсэг ойлгохгүй байсан болохоор, хүн хүнд очоод “энэ хэсгийг уншаад өг” гэж уншуулаад, орчуулж бичээд л, энэ тэнд нь тэмдэглэж өнгө өнгийн цаас наагаад л явдаг байсан гэсэн. Тэгээд л “энэ бол ямар ч байсан нэг юм хийх юм байна” гэж үнэлсэн гэдэг юм. Дараа нь өөр нэг киноны проб болж байхад, тэр Сайшингаа, Өвөр Монголын театр киноны урлагийн багш л даа, “миний дүү ирээд оролцчихгүй юу” гэсэн. Тэнд нь очоод, найруулагчтай нь уулзаад бас тэнцсэн.
Харин “Гаадаа мээрэн” киноны Мандарваад тоглосны хувьд бол, тэд чинь түүхэн хүмүүс болохоор, хэн яаж тоглосон байна, ямар кино болж вэ гэж өвөр монголчууд их сонирхож үзсэн л дээ. Гаадаа мээрэнд Өвөр Монголд алдартай Баян гэж, сайн жүжигчин тоглосон. Тэгээд л хойш хойшдоо кинонд дуудагдаж тоглодог болсон.
-“Чонон сүлд”-д тоглохын өмнө дөрөв, таван шалгуур давсан гэсэн. Яаж яаж шалгаж байх юм?
-Эхлээд найруулагч маань, Өвөр монгол, Хятад, Ази царайтай олон жүжигчинтэй уулзсан юм билээ. Түүний нэг болж намайг Монголоос дуудсан. Тэгээд Бээжинд очиж анх найруулагчтайгаа уулзаж байлаа. Найруулагч баахан хүнтэй уулзаж байгаад, энэ хүнтэй дахиад уулзах хэрэгтэй байна гэсэн шиг байгаа юм. Тэгээд намайг Шилийн хотод аваачсан. Тэнд морь унаж, хятадаар ярих пробонд орсон л доо. Тэгэхэд, Хятадын алдартай нэг эрэгтэй дуучин бид хоёр хамт проб өгсөн. Түүний дараа “Ерөнхийдөө чам дээр тогтож байх шиг байна” гэсэн хариу ирчихээд байтал, эндээс хүмүүс сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт явуулсан юм шиг байна билээ. Киноны хүмүүс энд ирээд, бидний үеийн залуу жүжигчдийн зураг хөрөг аваад явсан. Найруулагч дахин сонгож проб өгсөн. Тэгээд хамгийн эцэст нь Бээжинд эрэгтэй жүжигчинтэйгээ хэр нийлэмжтэй байгааг шалгаад дараа  нь  бүрэн шийдсэн.
- Ямар шалгуураараа Галсмаагийн дүрд сонгогдсон бол гэж олон хүн асуусан байх. Та монгол төрх л байсан байх гэж хариулсан удаатай. Зөвхөн тэр биш байх гэж бодогддог?
- Туслах биш, гол дүр болохоор маш олон шалтгаанаар сонгосон байх л даа. Гэхдээ кинонд тоглох чин хүслийг маань их үнэлсэн болов уу. Гадаадад явж байхад, яагаад энэ эмэгтэй жүжигчинг сонгосон бэ гэхээр, Найруулагч “энэ жүжигчинд маань шумуулууд их хайртай” гэж дандаа хошигнон ярьдаг байсан. Тэр нь яасан гэхээр, Шилийн хотод пробонд ороход, бүүдгэр, том том шумуултай өдөр байсан юм. Эрэгтэй жүжигчин бид хоёр зэрэгцэн зогсоод, чононы тухай баахан юм ярих ёстой байлаа. Ядаж байхад хятадаар ярих болохоор, би өглөө нь очоод үгээ авчихсан. Түүнийг өөрийнхөөрөө янзлаад тогтоочихсон. Нөгөө таван үгээ хэлэх, хажуугаар нь тоглолтоо шалгуулах болохоор, юун шумуул манатай байсан л даа. Харин миний дэргэд байсан эрэгтэй болохоор, шумуулаа үргээгээд л байж. Найруулагч камерын дэлгэцээр харахад, би болохоор нүдээ аниад л, нээгээд л яриад байж. Тэгээд шумуул духан дээр ирж суугаад, цус сорж бүдүүн болоод л нисээд байж. Яах нь вэ гээд хараад байхад нь, яах ч үгүй зогсоод л байсан гэсэн. Тэгээд проб өгч дуусаад, орой нь хоолонд ороход, миний нүүрээр дүүрэн том том булдруу болчихсон, би ерөөс энэ жүжигчнээ таниагүй гэж найруулагч маань ярьдаг юм. Тэгээд дараа нь кино зураг авалтын үед "шумуулнаас хамгаалсан тороо өмсөж байгаа биз. Шумуул хазчихна шүү” л гээд дандаа сануулдагсан.
-“Чонон сүлд” бол Хятадын хамгийн их орлоготой кинонуудын нэгээр тодорч байсан. Гадаадын том төсөл амжилттай болох нууц нь юунд байна гэдгийг уран бүтээлчийн хувьд анзаарав?
-Тэр зохиолоор кино хийнэ гээд, эхлээд продюссер маань найруулагчаа хайсан юм билээ. Тэгээд, Францын Жан Жак Анотой хамтарч хийхээр болоод, бэлтгэлээ 7 жил хангасан. Найруулагч маань өмнө нь амьтны тухай кино хийсэн туршлагатай байсан. “Баавгай” гээд кино байдаг. Бас барын тухай кино ч бий.
Тэр 7 жилийн хугацаанд юу хийсэн гэхээр, чононуудаа сургасан. Кинон дээр гурван үеийн чононууд “тоглосон”. Кинон дээрх, тэнгэрт өргөдөг бэлтрэг бол дөнгөж төрсөн байсан. Голд ороод л баахан адуу хөлддөг, чононд бариулсан хонинуудтай хэсэг бол хиймэл. Тэднийг яг амьд юм шиг хийх гэх мэтээс эхлээд, тэр киног цаашид яаж борлуулах, аль аль зах зээлд гаргаад хэдий хэмжээний мөнгө босгох вэ гэдгийг хүртэл бүгдийг нь тооцсон байдаг юм билээ. Сүүлийн хоёр жил нь жүжигчин сонгох ажил болсон. Тэгээд бүх ажил бэлэн болоод, энэ багтай хамтран уран бүтээл хийж болно гэсэн үед л кино зургандаа ордог юм билээ. Би гэхэд л, 4, 5 сарын өмнө Бээжинд очоод зохиолоо өөрийн болгож янзлах, үгээ цээжлэх тогтоох, бэлтгэлээ эхэлсэн. Энэ мэтээр нэлээд том цар хүрээтэй ажил болдог юм билээ. Тэгэж байж хүний сэтгэлд хүрсэн, сайн бүтээл гардаг байна л даа.
-Жан Жак Ано бол харилцан яриа ашиглалгүйгээр, үзэгчдэд олон зүйлийг ойлгуулж чаддагаараа бас гайхагддаг уран бүтээлч юм билээ. “Чонон сүлд” кинонд өөрийн тоглосон аль хэсэгт дуртай вэ?
-Мэдэхгүй, би яг тэр хэсэг гэж хэлж чадахгүй юм байна.
-Бүх хэсэгт нь ухаанаа ширгээж, сэтгэл зарж урласан болохоор тэр үү?
-Мэдээж, гэхдээ би өөрийгөө харахаар бүх юм нь алдаатай харагдаад байдаг юм. Үүн дээр л тултал сайхан тоглож дээ гэж би ерөөс бодож чаддаггүй.
-Их даруухан хариулт байна. “Чонон сүлд”-ийг гадаадад хэр хүлээж авав, одоо ч гарсаар л байгаа юу?
- Маш сайхан хүлээж авсан. Одоо дэлгэцүүдээр гарч дуусаад -Ай Пи ТВ”, “Ди Ви Ди”-д шилжүүлэх ажил руу орсон. Ер нь сайн төсөл 7 жилийн настай гэж ярьдаг. 
-Манай кино урлаг ямар түвшинд явж байна гэж та боддог вэ. Ард түмэн үзэгчдийн дунд бол хуучны кинонуудыг гүйцэх кино алга гэх шүүмжлэл байдаг?
-Дээр үеийн кинонуудыг үзэх дуртай, амьдралтай байна, сайхан байна гэдэг л дээ. Тэр үед жилд хэдхэн тооны киног улсаас төсөвлөж, мөнгийг нь гаргаад, уран бүтээлчид нь зөвхөн уран бүтээл дээрээ анхаардаг, хөрөнгө мөнгөнд санаа зовох юмгүй байсан. Удаан хугацааны төсөл ч байдаг байсан. “Мандухай сэцэн хатан” киног л гэхэд 4 жил хийсэн гэдэг шүү дээ. Бидэнд одоо тийм боломж байна уу гэвэл, байхгүй. Монголын кино урлагийг төрөөс харж үзээд, сайн уран бүтээл болж байна уу гэдэгт анхаарч байна уу гэвэл, анхаарахгүй байгаа.
Манай зах зээл жижиг. Хийсэн хэдэн киногоо хэдхэн кино театраар үзүүлээд, тодорхой хэмжээний л орлого олдог. Тиймээс богино хугацаанд зургийг нь аваад, гадуур гудамж талбайгаар их явахгүй, жүжигчин цөөтэй уран бүтээл хийнэ гэж байна шүү дээ. Түүхэн кино хийхгүй байгаа нь ч зардал төсөв ихтэйд нь байгаа.
Гэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдгээр хурдан юм чинь хуудуутай л байдаг байхгүй юу. Хурдан биш хийнэ гэхээр бидэнд тэр мөнгө төгрөг нь байхгүй. Тэгэхдээ ийм хэцүү юм байна гээд киногоо ерөөс хаяхгүй, тэр үнэтэй техник, хэрэгсэл юмуудыг өөрсдөө зохицуулаад, ерөөс шантрахгүй зүтгэж байгаа киноны уран бүтээлчдээрээ би бахархдаг. Монголын кино урлаг хөгжихгүй биш хөгжиж байна. Зохиол нь сайн байвал зарим кино үзэхэд аятай сайн болсон л байдаг шүү дээ. 
-Гадны найруулагчтай, том төсөлд ажилласан болохоор тань туршлага энэ тэр авах гэх юм уу, манайхан?
-Манайхан чинь өөрсдөө туршлагатай улс байхгүй юу. Мэдээллээс их хоцрогддог хүмүүс биш гэж би дүгнэдэг шүү дээ.
-Уран бүтээлийн ярианаас хөндийрч, таны бага нас руу өнгиймөөр санагдчихлаа. Ямар хүүхэд байв, багаасаа жүжигчин болно гэж хатуу шийдсэн байв уу?
-Их инээдтэй, олон янз болсон. Би бүр анхандаа циркчин болно гэж бодож байсан. “Циркт зөөгөөд байсан бол аль нэг улсад нугарчихсан явж байх байсан” гэж ээж маань одоо ярьдаг юм. Тэгэж зөөгөөд байх хүнгүй байснаас циркчин байх хүсэл маань замхраад, Спортын төв ордны уран гимнастикт явсан. Бас л өвөл зөөж барих хүнгүй болов. Тэгээд арай ойрхон юм гээд “Хөдөлмөр” нийгэмлэг дээр спортын гимнастикчин болно гээд турник дээр баахан эргэсэн. Тэгээд дүүжлүүр дээр эргэх нь таалагдахгүй болоод, балетчин болох гэлээ. Гэтэл Ленинград руу хүүхэд авахаа больчихсон байв. Тэгээд бүжгийн дугуйланд орлоо. Тэгэж байтал үүшү, каратэ дэлгэрч эхлэв. Үүшү сурдаг хэрэг гээд явж байтал, хажууд нь солонгос багштай таеквондогийн сургалт байхаар нь орчихлоо. Тэгээд бүр шигшигдээд, тусгай суралцагч хүүхдүүдийн нь нэг болов. Тэгж явтал, каратэ мөн сонирхол татав. Хаа очиж, бүгдэд тэнцээд яваад байсан нь суурь сайн, сунгалт сайтай байсных юм шиг байгаа юм.
-Санаанд ч үгүйгээр жүжигчин болоход л бэлтгэгдээд байж дээ?
-10 дугаар ангиа төгсөөд, яг мэргэжил сонгохдоо жүжигчин болсон. Бас болоогүй ээ. Цэргийн хүн болбол болчих гээд байсан л даа. Юу нь их гоё санагдаад байсан гэхээр, хувцас нь таалагдаад. Тэгсэн чинь намайг 10 төгсдөг жил Гаальд эмэгтэй хүүхэд авахаа больчихов.
Тэгээд нэг удаа, айлд золгоод явж байтал, Л.Чаминчулуун багш тааралдаад “жүжигчин болох уу, ямар хөөрхөн юм” гэхэд нь, “би мэдэхгүй” гээд өнгөрсөн гэсэн. Бодвол, “Намайг тэр хүнд л аваачаад аль, би чинь жүжигчин болох хүн” гээд л шалж өгсөн байх л даа. Тэгээд аав, ээж хоёр маань хүргэж өгснөөр, Чамиа багш маань намайг СУИС-т хөтөлж оруулсан хүн. Зөндөөн их загнуулсан, зодуулсан ч байх. Сайн уран бүтээлч, сайн хүн болчихоосой гэсэн хүндээ илүү хатуу шахдаг байхгүй юу.
-Чамиа багшдаа зодуулдаг байв уу?
-Тийм. Манай багш одоо ч “атаман”. Сургуулийн коридороор явахад нь бүх хүн жижгэрдэг. Би СУИС-д зөвхөн жүжигчний онолоос гадна олон сайхан юм сурсандаа баяртай байдаг. Хүнээс үг дуулж, хатуужил сурсан. Багш нар маань, хүнийг яаж хайрладаг ухааныг өөрсдийн жишээн дээр харуулдаг байлаа. Ухаан алдтал гүйлгэж гүйлгэж, баахан хичээл хийлгэж хийлгэчихээд бүгдийг нь жагсаан, сургуулийн гуанзанд оруулаад, өөрийнхөө мөнгөөр нэг нэг аяга цай, боов авч өгдөг байв.
-Сайхан түүх байна. “Мөрөөдөлийн хөлөг онгоц”-оос хойш олон кинонд тогложээ. Аль дүрдээ хайртай байдаг тань бас сонин байна?
-“Мөрөөдлийн хөлөг онгоц”-ны Халиунаа бол намайг хүмүүстэй анх танилцуулсан. “Гаадаа мээрэн”, “Чонон сүлд” киноныхоо дүрүүдэд хайртай. “Хайрын эрэл”-ийн Маргадынхаа дүрд хүмүүс их хайртай байдаг юм. “Чиний фэнүүдийн насны хязгаарыг өөрчилсөн” гэж манай нөхөр шоолдог юм,. “Хайрын эрэл”-д тоглосны дараа 60-70 настай ах эгч нар гудамжинд таарахаараа тэвэрч авч үнэсээд “ёстой сайн ухаантай охин. Ийм сайхан боловсролтой, ухаантай охидууд амьдралд хэрэгтэй” гэдэг юм. Тэр чинь Маргадын дүрийг хайрлаад байна гэсэн үг шүү дээ.
-За баярлалаа, өөр олон сайхан уран бүтээлээр ард түмнээ баярлуулахыг ерөөе.

Ярилцсан. Б.Хандмаа
 
 

Related news