Бэлэн байдалд ажиллах сургагч багш нарыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-26 08:24:31
Дорноговь /МОНЦАМЭ/Гамшиг ослын үед бэлэн байдалд ажиллах, гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг чадварыг иргэд олон нийтэд хүргэх зорилго, чиг үүрэг бүхий 19 сургагч багш Дорноговь аймагт бэлтгэгдлээ.
“Бэлэн бай” нэртэй энэхүү сургалтыг Дорноговь аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага, Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран гуравдугаар сарын 21-22-нд Дорноговь аймгийн 14 сумын ажилтан албан хаагч, төмөр замын байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулж гэрчилгээ олгосон юм.
Баримт дурдахад сүүлийн 10 жилийн хугацаанд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 270 их бага хэмжээний гал түймэрт гарч, гал түймэрт 21 хүн өртөж амь насаа алдаж, олон зуун сая төгрөгийн хохирол иргэд байгууллагад учирсан байна. Гал түймэрт өртөн амь насаа алдаж байгаа хүний 35  хувь нь бага насны хүүхэд аж.
Мөн жил бүр тус аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчний гаралт буурахгүй байгаа нь мал сүрэг, хөрөнгө санхүүгийн их хэмжээний хохирлыг иргэдэд учруулж байгаа аж. Тиймээс гамшиг эрсдлийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, болзошгүй эрсдлээс өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын амь насыг хамгаалах,нөхцөл байдал дүн шинжилгээ хийж сурах шаардлага гарч байгаа гэж албаныхан тодотголоо.
Дээрх сургалт хамрагдсан 14 сумын төлөөлөл орон нутагтаа очиж иргэдэд сурсан мэдсэн зүйлээ хүргэж, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр орон нутгийнхантай хамтран ажиллана.  
Х.Эрдэнэбулган
 
Related news