Хамарын хийдийн гэр буудлуудыг үйлчилгээний стандартад нийцүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-20 11:39:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй бурханы шашны томоохон  төв Хамарын хийдийн орчмыг тохижуулах, энд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын үйлчилгээг сайжруулах, эрүүл ахуйн болоод бусад хуулиар тогтоосон дүрэм журмыг мөрдүүлэх ажлыг орон нутгаас зохион байгуулж байна. ҮҮнтэй холбоотой энэ хавийн гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай болгох, хаягжуулах, эрүүл аюулгүйн шаардлага хангасан бие засах газартай болгох асуудлыг ирэх зургадугаар сар гэхэд шийдвэрлэхээр болжээ.

Энэ асуудлаар Дорноговь  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ сарын 20-нд Хамарын хийд орчимд гэр буудлын үйлчилгээ явуулдаг иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Эдүгээ Хамарын хийд орчимд 19 иргэний 100 гаруй гэр буудал үйлчилгээ явуулдаг бөгөөд  хүнс, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж буй иргэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай,Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай зэрэг холбогдох хууль тогтоомжийг мөрддөггүй байдал нийтлэг гардаг аж.
Дашрамд дурдахад энэ онд говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиох бөгөөд орон нутгаас ойг угтсан ажлуудын нэг нь Хамарын хийдийг тохижуулах ажил юм.
Х.Эрдэнэбулган
Related news