Дорноговийнхон жорлонгоо өөрчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-06 22:43:58
Дорноговь /МОНЦАМЭ/.“Нутгийн шийдэл” сангаас орон даяар хэрэгжүүлж буй “Цэвэрч Монгол” төслийн багийнхан гуравдугаар сарын 06-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж “Жорлонгоо өөрчилье” төслөө говийн иргэдэд танилцууллаа.
Энэ төслийг УИХ-ын гишүүн асан, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл удирдаж багийн хамт олонтойгоо хэрэгжүүлж байгаа аж. Жорлон буюу ариун цэврийн байгууламжийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй болгож өөрчлөх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй аливаа улсын хөгжил дэвшлийн нэгэн чухал үзүүлэлт болсон. Мянган айл стандартын жорлонтой байлаа ч мянга нэг дэх нь буруу жорлонтой бол тухайн суурин газрын ус бохирдох аюултай. Бид  хурдан хугацаанд олон жорлонг шинэчилж уух усныхаа эрүүл ахуйн төлөө зүтгэх хэрэгтэй” гэж тэрээр онцолсон.
Жорлонгоос үүдэлтэй цусан суулга, сальмонеллёз, гэдэсний хижиг, савханцрын халдвар, балнад, суулгалт, вирүс хепатит А, хүнсний гаралтай бактерт хордлого зэрэг долоон төрлийн гэдэсний халдварт өвчин Монголд бүртгэгдсэн төдийгүй нийт халдварын 30 орчим хувийг цусан суулга, 20-30 хувийг сальмонеллёз эзэлдэг аж.
Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд Сайншанд хотын хүн ам  2013 онд 22011, 2014 онд 22666, 2015 онд  23191, 2016 онд  24059, 2017 онд 25 мянга болж байнга нэмэгджээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр суурьшил нэмэгдэж, гэр хороолол тэлж буй.
Жорлонгоо өөрчлөх сургалт уулзалтад Дорноговийн 60 гаруй иргэн идэвхтэй оролцож шинэ мэдлэг мэдээлэл олж авсанаас гадна  сургагч багшийн сертификат гардсан. Мөн сургалтын төгсгөлд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцож энэхүү хөдөлгөөн, санаачилгыг орон нутагт дэлгэрүүлж идэвхтэй ажиллана гэв.
Х.Эрдэнэбулган
Related news