М.Алтантуул эмчид амьдрал бэлэглэхийг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-05 15:19:50
Хэнтий /МОНЦАМЭ/.АУИС-ийн 1995 оны төгсөлтийн эмч нар Хэнтий аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ирж ажиллалаа. Эмч нарын бүрэлдэхүүнд Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг, ШУГТЭ, Улаанбаатар Сонгдо, Гурван гал, Мөнгөн гүүр зэрэг эмнэлгүүдийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй эмч нар багтаж, 10000 төгрөгийн төлбөртэй үзлэг хийжээ. Тэд үзлэгийн орлогоо мэргэжил нэгт нөхөр болох аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч эмч Мижидийн Алтантуулын эмчилгээнд 100 хувь хандивласан байна. 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч эмч Мижидийн Алтантуул төрөлхийн тархины судасны эмгэгтэй гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Түүний энэ өвчин өнгөрсөн нэгдүгээр сард гэнэт илэрчээ. Улмаар улсын гуравдугаар төв эмнэлэг болон Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь тогтворжсон ч яаралтай тархины хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Энэ хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй бөгөөд Солонгос, Тайланд улсаас ирүүлсэн эмчилгээний зардлаар 100 сая орчим төгрөг шаардлагатай болжээ.

М.Алтантуул нь 1996-1998 онд Нийгмийн эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр, 1998 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, Дотрын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрбээр улсад 22 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, ЭМЯ-ны Хүндэт жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн “Оны шилдэг эмч”-ээр шалгарч байсан мэргэшсэн эмч юм.

Иймд сайхан сэтгэлт Монголчууд та бүхнээсээ санхүүгийн туслалцаа үзүүлээч хэмээн хандаж байна.
Хандивын данс: Хаан банк  5935010523, М.Алтантуул
Төрийн банк 250000259716, М.Алтантуул
Хаан банк 5954219556, А.Боргил
Холбогдох утас: 99560208, 99569063, 99568439                          

 
Д.Одонтунгалаг
Related news