Замын цасыг цэвэрлэхгүй байгаагаас осол гарах нөхцөл бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:08:00

Өвөрхангай аймагт энэ жил цас багагүй орох төлөвтэй байна. Одоогоор нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байгаа ба 11 сарын 18-нд орсон их цас орсон. 

 Тус өдөр машин цасанд суусан, иргэн төөрсөн гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тухайлбал Богд сумын иргэн малдаа явж төөрсөн болохыг сумын ЗДТГ-аас томилсон ажлын хэсэг шуурхай олж, эрүүл мэнд амь насыг нь аварчээ. Цаашид цас ихээр орох, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул ард иргэдийг цаг агаарын мэдээтэй уялдуулан ажил, амьдралаа зохицуулж, анхаарал болгоомжтой явахыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Түүнчлэн Цагдаагийн газраас тээврийн хэрэгсэл жолоодогч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд тохируулах, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагыг тавьж байгаа юм. Арвайхээр ТҮК-ийн ажилчид цас цэвэрлэхээсээ хойргошоож байгаа халтиргаа, гулгаатай энэ үед замын осол гарах магадлал өндөр байна. Арвайхээр ТҮК-ээс 3 тонн давсыг зам дээр цацсан гэх боловч аймгийн төвийн байнгын хөдөлгөөнтэй замын цас ч хайлж амжихгүй байгаа нь дээрх мэдээлэл үнэн бодитод эргэлзээ төрүүлж байгаа юм.

Аж ахуйн нэгж, байгууллагууд орчин тойрныхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх ёстой ч хүрз бариад гарсан байгууллага ганц ч байсангүй. Тиймээс замын осол гарсан тохиолдолд тухайн байгууллагад торгуулын арга хэмжээ авна гэдгийг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас сануулж байна. 

Б.Батчимэг

Related news