Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг 99 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-02 12:59:23
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2018 онд иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээг 99 хувьд хүргэх зорилт тавилаа.
Учир нь ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарын байгуулсан хамтын гэрээнд Дорноговь аймаг иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын хувийг 99 хувьд хүргэхээр тусгасан аж. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн ЭМГ-аас сумдын Засаг дарганар хандаж иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.
"Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас салж ЭМЯ-ны дэргэд бие даасан агентлаг болж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулж даатгалын асуудал ЭМЯ-тай шууд холбоотой болсон төдийгүй  өрх, сумын эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын хөрөнгөөс санхүүжилт авахаар журамд заасан тул сумдууд иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай" гэж аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг ярив.
Хэрэв  иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээг  хангалттай нэмэгдүүлж чадаагүй бол Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтээ авч чадахгүй байдал үүсэх аж. Хэрэв даатгалын хамрагдалт сайн байгаа тохиолдолд өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэнэ.
Х.Эрдэнэбулган
Related news