Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-01 00:00:07
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд Чингис хотноо чуулж, 2017 оны ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлын зорилго зорилтоо тодорхойлоо.

Зөвлөлгөөнд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын малын үржлийн хэлтсийн дарга ерөнхий мал зүйч Д.Батсүрэн, мэргэжилтэн Б.Баяртунгалаг, Монголын үндэсний Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Батсүх тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Мөн Хэнтий аймгийн Цагдаагийн газар, УЦУОШГазар, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, ХХААГазрын мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийсэн байна.

Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалангаас зөвлөлгөөний талаар тодруулахад "Өнгөрсөн онд бид мэдээ тайлангийн үнэн бодит байдалд нэлээд анхаарал тавьж ажилласан бол энэ онд сумдын мэргэжилтнүүдийнхээ ажлыг Тамгын газартайгаа нягтруулж ойртуулах зорилго тавьж байна. Аймгийн ХХААГ өнгөрсөн оны ажлаараа улсад системдээ IV байрт орж урьд жилүүдийнхээс ахисан байгаа. Яамнаас энэ онд хүнс, хөдөө аж ахуйн ажилтнуудын сахилга хариуцлага, бүтээмжийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд бид олон ажлыг хийхээр төлөвлөөд байна" гэлээ.

Тус зөвлөлгөөнд сумдын ЗДТГ-ын дарга нар мөн МЭҮТасгийн мэргэжилтнүүд, Мал эмнэлэг, үржлийн аж ахуй нэгж зэрэг 130 гаруй албан хаагчид хамрагдлаа. Энэ үеэр ХХААГ-ын дарга, сумын ЗДТГ-ын дарга, МЭҮТ-ын дарга нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.
Д.Одонтунгалаг
Related news