Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-28 23:35:37
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалт нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах гол зорилготой байв. Түүнчлэн аймаг орон нутаг, төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай, оновчтой байдлаар хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө өгч байгаа хэрэг юм.

Сургалтыг тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нээж, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, ахмад сэтгүүлч И.Байгалмаа, МОНЦАМЭ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг, Гэрэл зурагчин, дизайнер Г.Баясгалантөгс, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Амарсайхан болон АЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнууд удирдан явууллаа.

Өнгөрөгч онд мөн АЗДТГ-аас Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 21 агентлагийн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сумдын холбогдох мэргэжилтнүүдэд онлайнаар тус тус сургалт зохион байгуулж байсан аж.

Эдгээр сургалтуудыг шат дараатай зохион байгуулснаар иргэд төрийн мэдээллийн түргэн шуурхай авах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Д.Одонтунгалаг
Related news