Батноровын малчид, иргэдийн төлөөлөл Баянгол дүүрэгт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-27 23:37:41
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Батноров сум, нийслэлийн Баянгол дүүрэгтэй шифийн харилцаатай хамтран ажилладаг. Үүний хүрээнд тус сумын гал тахиа жилийн "Алтан тугалын эзэн", аймгийн аварга малчид болон байгууллагын дарга, эрхлэгч, ажилтнууд Баянгол дүүрэгт саяхан зочиллоо.

Тэднийг тус дүүргийн Х.Болор-Эрдэнэ даргатай "Гэрлэх ёслолын ордон", н.Ганболд даргатай "Ахмадын өргөө"-ний удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр Батноров сумын Эхэнбүрд багийн харъяат "Аймгийн аварга малчин" Цэсрэнгийн Тогтохсүрэн, гэргий С.Бямбатуяа нар "Гэрлэх ёслолын ордон"-д гэрлэлтээ батлуулж, хайрын тангараг өргөн, батламжаа гарджээ. Тэд гэр бүл болоод 20 гаруй жил болж байгаа бөгөөд гурван сайхан хүүхдийн ижий аав болж, ургаа батжуулж, жаргалаа амилуулж байгаадаа туйлын баяртай байлаа.

Хурим найрын гэрч Улаанбаатар хот дахь Батноров сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Оюунтуяа, Идэрмэг тавдугаар багийн Засаг дарга С.Хадбаатар нар болсон бөгөөд Л.Оюунтуяа 5 охин төрүүлсэн, С.Хадбаатар 3 хүүгийн аав байсныг хуриманд ирсэн олон бэлэгшээж, аз жаргал ерөөв.

Гэрлэлт батлуулах ёслолын дараа Баянгол дүүргийн ахмадын өргөөгөөр зочилсон байна. Тус ахмадын өргөө нь сар шинийн битүүний өдөр нээлтээ хийжээ.  Дүүргийн ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлж, тэднийхээ эрх ашгийн төлөө нэгдэн нийлж, олон сайхан үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх боломжийг бүрүүлсэн нь онцлог байв.
Д.Одонтунгалаг
Related news