Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. 2015 оны 5 дугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэр АНУ-ын MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тус корпораци нь бүтээгдэхүүнээ дэлхийн 70 гаруй оронд нийлүүлсэн байдаг. Гэхдээ Засгийн газрын төлөөлөлтэй харьцаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг зарчимтай юм. Мөн үйлдвэрийн араас хяналт тавьж, дагалдан үйлчилгээг үзүүлдгээрээ алдартай. Ялангуяа өргөн уудам нутагтай, тархай бутархай суурьшсан манайх шиг оронд тус үйлдвэрийн тусламжтайгаар барилга байгууламж барьж ирсэн байна.
Иймд Ерөнхий сайд энэ асуудлыг судлахыг Батлан хамгаалахын барилгын асуудал эрхэлсэн аж үйлдвэрийн нэгдэлд даалгасан. Ингэхэд тус хөдөлгөөнт цогцолцор нь нэг өдөрт 1000 м2 талбай бүхий барилга барьдаг, бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд, хамгийн сүүлийн тоног төхөөрөмж ашигладаг учир маневарлах чадвар сайтай учир батлан хамгаалах салбарт авч ашиглах нь тохиромжтой гэж үзсэн.
Өнөөдөр батлан хамгаалах салбарт 2200 гаруй барилга байгууламж ашиглагдаж байгаа ч нэлээд хуучирч элэгдээд байгаа юм. Тухайлбал, нийт барилга байгууламжийн 50 гаруй нь 30-80 жилийн насжилттай гэдгийг тогтоосон. Тиймээс өнөөдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн ханшаар бол 48х24 м2-ийн талбай бүхий соёл спортын танхимыг барихад 1,3 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа бол хөдөлгөөнт цогцолцороор барихад 300 сая төгрөгт багтаан барих боломжтой гэсэн судалгаа гарсан байна.
Мөн нийт 329 сумын төвийн барилгууд насжилт өндөртэй эсвэл маш их хэмжээний завсар шаардагдахаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй гээд олон шаардлагын улмаас барилгуудыг солих, шинэчлэхээр болоод байгаа юм. Тэгэхээр хөдөлгөөнт цогцолборын хүрээнд сум суурин газруудад барилга барих ажлыг өрнүүлэх бололцоотой гэж Засгийн газрын гишүүд үзэж байсан.
Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Зээлийн эргэн төлөлтийг 2017-2019 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт даалгасан" гэв.
Б.Туул