Төрийн өршөөлийг үл хүндэтгэгчдэд хариуцлага тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:18:04

"Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн хүрээнд гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаад хорих ялаас чөлөөлөгдсөн зарим этгээдүүд төрийн өршөөлийг үл ойшоож, эрх чөлөө эдэлсэн даруйдаа дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдон Хэнтий аймаг дах цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэллээ.

Хэнтий аймгийн харъяат 70 иргэнийг энэ сарын 5-ны өдөр цагдаагийн газарт хүлээн авч бүртгэлд хамруулан, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ар гэрт нь хүлээлгэн өгөв.

Хорих байгууллагаас суллагдаад Хэрлэн суманд түр оршин сууж байсан Б гэгч нь 2015 оны энэ 07-ны өдөр бусдын эд зүйлийг хулгайлсан зөрчлийг шалгаж шийдвэрлэн Улаанбаатар хотод байдаг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн Хэрлэн сумын харъяат Э гэгч нь энэ сарын 16-ны өдөр архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүйтэн зэвсэг /хутга/ ашиглан танхайрч бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоон мөрдөн байцаалтын шатанд шалгаж эхэлсэн аж. Шалгалтын явцад сэжигтэн Э нь хорих байгууллагад хамт ял эдэлж байгаад өршөөлд хамрагдан суллагдсан П-гийн хамт архидан согтуурсан нь тогтоогджээ.

Иймээс төрийн өршөөлийг хүртэж эрх чөлөө эдэлсэн иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж, алдаж бүдрэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн хариуцлага, хяналт чухал ач холбогдолтойг Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас анхаарууллаа.

О.Буянхишиг

 

Related news