Аваргуудын нэрэмжит барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 10:03:58

Увс аймгийн Улаангом хотноо Аваргуудын нэрэмжит барилдаан энэ сарын 22-22-ны өдрүүдээр болж өнгөрлөө.

Улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан С.Мөнхбаяр нараар манлайлуулсан хүчит 86 бөх тойргийн журмаар гурван зоонд хуваагдан барилдаж шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэхүү барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат, аймгийн харцага Н.Хүрэлсүх 55 даваагаар тэргүүлж, Өндөрхангай сумын харъяат, аймгийн харцага Д.Тогтохжаргал 54 даваагаар дэд байранд шалгарлаа. Харин ОХУ-ын Тува улсын бөх О.Очиржав 52 даваагаар, Баруунтуруун сумын харъяат, аймгийн заан О.Түмэн 51 даваагаар, ОХУ-ын Тува улсын бөх, аймгийн заан Д.Сайнбилэг 50 даваагаар, Тэс сумын харъяат, аймгийн начин А.Батмөнх 49 даваагаар тус тус удаалсан юм.

Түрүүлсэн аймгийн харцага Н.Хүрэлсүх, Д.Тогтохжаргал нарт Аймгийн арслан, ОХУ-ын Тува улсын бөх О.Очиржавд Аймгийн заан, Тэс сумын харъяат аймгийн начин Ө.Батмөнх, Л.Балдорж, Ц.Саранзолбоо нарт Аймгийн харцага, ОХУ-ын Тува улсын бөх Д.Аудиан, Тэс сумын харъяат, сумын заан Д.Намжилдорж, Зүүнговь сумын харъяат, сумын заан Д.Урианхай, Наранбулаг сумын харъяат, сумын заан Д.Улаанхүү, Б.Батбаян, Хяргас сумын харъяат сумын заан Д.Билэгсайхан нарт Аймгийн начин цол олголоо.

Аваргуудын нэрэмжит барилдаанд урилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хорьдугаар зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат нар хүрэлцэн ирсэн байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын болон Монгол Улсын гавъяат тамирчин, Зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит хүчит бөхийн барилдаан 1981 оноос эхлэн Увс аймагт зохиогдох болсон байна.

Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Увс аймгийн Наранбулаг сумын харъяат О.Балжинням, 90 жилийн ойгоор Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат С.Мөнхбат нар улсад түрүүлснээр энэ барилдааныг “Аваргуудын нэрэмжит” болгон зохион явуулах болжээ.

Энэхүү барилдаанаар аймгийн цол олгодог бөгөөд залуу хүчитнүүдийг дэмжих, тэднийг гаргаж ирэхэд ихээхэн тус нэмэр болдог байна. Сүүлийн жилүүдэд цар хүрээ нь өргөжсөн бөгөөд энэ жилийн хувьд ОХУ-ын Тува улсаас 5 бөх ирж барилдсан нь онцлог байв.

Шинэхэн арслан Х.Хүрэлсүх түрүүллээ

Увс аймгийн Улаангом хотноо зохиогдсон “Аваргуудын нэрэмжит барилдаан” тойргийн журмаар явагдаж дууссаны дараагаар хаалтын барилдаан боллоо.

Энэхүү барилдаанд хүчит 64 бөх зодоглосноос Увс аймгийн Тэс сумын харъяат, шинэхэн Аймгийн арслан Н.Хүрэлсүх түрүүлсэн юм. Тэрбээр Улаангом хотноо 3 өдрийн турш үргэлжилсэн “Аваргуудын нэрэмжит” тойргийн барилдаанд түрүүлсэн бол хаалтын барилдаанд мөн түрүүлж аргагүй босоо бөх гэдгээ харуулж чадлаа.

Хаалтын барилдаанд Хяргас сумын харъяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэж, Малчин сумын харъяат, улсын начин Ө.Сумъяа, Тэс сумын харъяат, аймгийн заан Н.Бямбажав нар шөвгөрсөн юм.

Энэ үеэр таван азтай үзэгчийг шалгаруулж, “Аваргын хишиг” мөнгөн шагнал, дурсгалын зүйлс олголоо. Мөн үеэр дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит “Бөхийн босоо цагаан хийморь” шагналаар Тэс сумын харъяат,  залуу бөх Л.Адъяа шагнагдсан юм.

Увс аймаг Б.Батхүү 

Related news