Барилгын салбарт нарны эрчим хүч ашиглах чиглэлээр ХБНГУ-аас суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-05 11:57:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарт нарны эрчим хүчийг ашиглах чиглэлд Монгол инженерүүдийг сургах, олон улсын туршлагаас судлах зорилго бүхий “Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сургалт өнөөдөр эхэллээ.
 
ХБНГУ-ын Бавари мужын Би Эф Зэт (BFZ) сургалтын төв, БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн 50 гаруй инженер хамрагдаж байна. Таван өдөр үргэлжлэх энэхүү сургалтын үеэр инженерүүд Монгол улсын цаг уурын нөхцөлд тулгуурлан барилгын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх талаар ХБНГУ-ын мэргэжилтнүүдээс суралцах юм. Мөн өөрсдийн сурснаа бусад инженерүүдэд заах, тогтмол сургалт явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
 
Сургалтын үеэр гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажилд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлд судалгаа явуулахыг БХБ-ын сайд Х.Баделхан оролцогчдоос хүслээ.
 
Монгол Улсын хувьд жилийн 270-300 өдөр цэлмэг бөгөөд нарны гийгүүлэх хугацаа жилд дундажаар 2250-3300 цаг байна. Энэ нь манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг гэсэн судалгааг мэргэжилтнүүд танилцууллаа.
 
Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, болон ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлов.
Ч.Ариунболд
Related news