“Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд Сайхандулаан сум шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-03 23:14:59
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, ХХААГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 2-3-нд Сайншанд сумын Хүүхдийн ордон, "Соёмбо" цогцолборт боллоо.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд гар урлал, гоёл чимэглэл, мах, махан бүтээгдэхүүн, модон эдлэл, үүрэн холбоо, шуудан, цагаан идээ, нарийн боов, бэлэг дурсгал, жимс жимсгэнэ, хувцас оёдол, эрүүл мэндийн чиглэлээр 76 иргэн, аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн гарт хүргэлээ. Хэрэглэгчдийн санал асуулгаар шилдэг сумаар Сайхандулаан сум шалгарав.
Сайхандулаан сумын 15 бизнес эрхлэгч, аж ахуй нэгж ингэний буцалгаа, монгол архи, хоормог, дээл, монгол цамц, малгай зэрэг нийт 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
"Шилдэг өрхийн үйлдвэрлэгч"-ээр Сайншанд сумын хоёрдугаар багийн "Мандела" цехийн эзэн А. Даваадорж шалгарав. Тэрээр таван жилийн өмнө модон эдлэлээр гэрийн мод, тавилга үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эдүгээ дөрвөн хүнийг ажлын байраар хангаж цех болтлоо өргөжсөн байна. А.Ганбаатар үйлдвэрлэсэн гэрийн модоо Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийнханд худалдан борлуулдаг байна.   
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ чанар, баглаа, сав боодолд илүү анхаарчээ гэж зохион байгуулагчид дүгнэв.
Х.Эрдэнэбулган
Related news