“АА” болон давхар хамаарлын бүлгийг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-03 20:00:08
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ хамтран архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АА” болон давхар хамаарлын бүлгийг олон нийтэд сурталчлах сургалт өдөрлөгийг хоёрдугаар сарын 02-нд Сайншанд суманд зохион байгууллаа.
Учир нь Дорноговь аймагт 2015 онд 561 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 194 буюу 34.5 хувь, 2016 онд 665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 218 буюу 32.7 хувь, 2017 онд 654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 157 буюу 24,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо жил бүр өсөж байгаа нь иргэдийн дунд архидалт их байгааг харуулж буй тоо хэмжээ гэж албаныхан ярив.
Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагуудын дарга, удирдах ажилтнуудад мэдээлэл хүргэж,  архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг буруулах, урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах талаар санал солилцож “Архичид аминчлахуй” болон “Ал-аноны” нөхөрлөлийг дэмжиж, хамтран ажиллах олон нийтэд сурталчлах нь зөв  гэж үзсэн байна.
“Архичид Аминчлахуй” төвд архинаас өөрсдийн хүсэл эрмэлзлээр татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр шийдсэн хүмүүс сайн дураараа  ирж хоорондоо илэн далангүй аминчлан ярилцаж, ямар ч эм тан, хөрөнгө мөнгө зарцуулалгүйгээр архинаас татгалзаж болдог үр дүнтэй арга аж.
Х.Эрдэнэбулган 
Related news