150 га газрыг тусгай хэрэгцээнд авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-03 19:19:11
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барих болсонтой холбогдуулан Дорноговь аймгийн ИТХ-аас тус сумын нутагт нефть үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.
Нефть боловсруулах үйлдэр барих газар нь Дорноговь аймгийн төв Сайншанд сумын төвөөс зүүн хойш 20 орчим км-т Хар тойром хэмээх газар бөгөөд энэ Алтанширээ сумын нутагт багтдаг. Энд Бор хөөврийн говь хэмээх усны томоохон нөөц бий. Усны арвин нөөц, дэд бүтцийн ашигтай байршил нь Алтанширээ сумыг хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх боломж олгож байгаа  юм.
Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих нефть үйлдвэрийн газар доорх гедрогеологийн судалгааг албаныхан хийгээд дууссан бол зургадугаар сард багтаж Алтанширээгээс Сайншанд хүртэлх 20 км төмөр зам, 20 км автозамын ажлыг гүйцэтгэх аж. Үйлдвэрийг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган
Related news