“Цодгор хүү-2018” тэмцээний ялагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-01-30 10:05:58
Хэнтий /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, тэдний авъяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд 5-11 хүртэлх насны 16 сум суурин газрын 150 гаруй тамирчид оролцсон байна.

Тэмцээний тав хүртэлх насны ангиллын эрэгтэй төрөлд Бор-Өндөр сумын С.Мөнхбат, эмэгтэй төрөлд Бор-Өндөр сумын Б.Эгшиглэн, 6-7 хүртэлх насны ангиллын эрэгтэй төрөлд Бор-Өндөр сумын Б.Дэлгэрбаяр, эмэгтэй төрөлд Бор-Өндөр сумын А.Ану-Үжин, 8-9 насны ангиллын эрэгтэй төрөлд Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч З.Элбэг, эмэгтэй төрөлд Бор-Өндөр сумын Л.Хонгорзул, 10-11 насны ангиллын эрэгтэй төрөлд Хэрлэн дөрөвдүгээр дүгээр сургуулийн сурагч Б.Ихбилэгт, эмэгтэй төрөлд “Идэрхүү” клубын тамирчин Б.Номиндалай нар тус тус тэргүүн байранд шалгарч, алтан медаль хүртжээ.

Сонирхуулахад, 2016 онд Хэнтий аймгийн өсвөрийн баг тамирчид УАШТ-ээс багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн нь тус аймгийн шатрын спортын түүхэнд анх удаа тохиолдсон амжилт байлаа. Харин 2017 онд өсвөрийн УАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл, гурван тусгай байр хүртжээ.

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын шигшээ багийн багш дасгалжуулагчаар спортын мастер Ч.Эрдэнэ-Очир ажилладаг бөгөөд 2017 оны Монголын шатрын холбооны "Оны шилдэг салбар хороо"-гоор шалгарчээ.
Д.Одонтунгалаг
Related news