Чойр-Сайншандын чиглэлийн авто замд мониторинг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-24 11:34:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Мянганы замын босоо тэнхлэг дагуу баригдсан Чойр-Сайншандын чиглэлийн авто зам, үүний эдийн засгийн үр өгөөж, автозамын засвар арчлалт, тээврийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллага мониторинг хийж эхэллээ.
Уг ажлыг гүйцэтгэх эрхийг нь авсан "IDG evaluation" ХХК-ийн хяналт шинжилгээ, үнэлгээний багийн ахлагч, зөвлөх Эдди Бэйнс тэргүүтэй Ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ сарын 19-20-нд ажиллав.
Ажлын хэсгийнхэн дээрх аймгуудын ЗДТГ-ын мэргэжилтнүүд  Авто тээврийн төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “Дорноговь АЗЗА” ТӨХК болон нийтийн тээврийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, автозамын ашиглалт, орон нутгийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, зам арчлалтын асуудлуудын талаар санал солилцсон байна.
Зам ашиглалтад орсноос хойш Замын-Үүд-Сайншанд-Чойр-Улаанбаатарын чиглэлд хүнд даацын авто машинууд даац хэтрүүлж тээвэрлэлт хийснээс үүдэж зам эвдэрч гэмтэх тохиолдол олонтаа гарсан байдаг аж. Үүнээс сэргийлэх зорилгоор 2015-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-аас Ажлын хэсэг гарч холбогдох байгулулагуудтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж байсан.
Тйимээс Ажлын хэсгийнхэн Чойр-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар арчлалт, эвдрэл гэмтлийг нягтлах, гүүр, хоолойн хийцийн үзүүлэлт, хөдөлгөөний эрчимжилтийн тооллогыг хийсэн бөгөөд дээрх ажлыг  2018 оны турш үргэлжлүүлэн хийж, авто замын хэрэглэгчийн судалгаа, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээг нарийвчлан тогтоохоор болжээ.
Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замыг АНУ-ын  Мянганы сорилтын сангийн 78,1 сая ам долларын санхүүжилтээр 2013 онд барьж, ашиглалтад оруулсан юм.
Х.Эрдэнэбулган
Related news