Хангайн сумдын Багийн дарга нар туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-23 14:00:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар төрийн үйл ажиллагааг орон нутагтаа гардан явуулдаг, анхан шатны нэгжийн удирдлагууд буюу хангайн сумдын багийн Засаг дарга нарыг энэ сарын 14-20-ны хооронд БНХАУ-ын Манжуур хотод туршлага судлууллаа.
Орон нутгийн иргэдтэйгээ хамгийн ойр байж малчны хотноос, сүргийн бэлчээрээс ажил үүргээ явуулдаг баг хорооны Засаг дарга нарынхаа ажлын алжаалыг тайлж, туршлага судлуулахаар Баянхонгор аймгийн “Болор Жавхлант” ХХК-иас Манжуурын аяллын маршрут үйлчилгээг авсан байна
Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршдог бөгөөд хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. Нийт 320 мянган хүн амтай, Орос-Хятадын төмөр замын гарц болсон боомт хот юм. 2000 онд 610 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2006 онд 2.7 сая жуулчин, 2014 онд 5 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас олох орлого нь 300 сая ам доллар давжээ.
Баянхонгор аймгийн багийн дарга нар Манжуур хотын өдрийн болон шөнийн байдлыг тольдож, дурлалын сүмээр зочилж, арслан зааны музей үзэж, матрёшка байгууламжтай танилцсан байна. 

Аялалын хүрээнд УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар тойргийн сумдынхаа багийн дарга нарын санал хүсэлтийг сонсож улмаар ажил хэрэгтээ тусгах зорилгоор тусгай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ нь багийн дарга нарт тэр бүр олдоод байдаггүй завшаан бөгөөд баг, сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаа ярьж хэлэлцсэн байна.
                                                                                                                     Б.Мөнхзул

Related news