Уртын дуучдын уралдааны шагналын сан 15 сая төгрөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-23 13:21:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Чойжилын Намжилын нэрэмжит "Эх богд" уртын дуучдын Улсын уралдаан Баянхонгорт болно.
Уралдааныг Хүүхдийн Тэмүжин театр, Ч.Намжилын гэр бүл зохион байгуулж байгаа бөгөөд БСШУСЯ, аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран ажиллах аж. Зохион байгуулагчид хэлэхдээ, "15 сая төгрөгийн шагналын сантай, улсын томоохон уралдааныг анх удаа орон нутагт зохион байгуулж байгаа гэдэг утгаараа оролцогчдод хувийн бэлтгэлээ сайтар хангаж, үзүүлбэрээ өндөр түвшинд бэлдэх хугацааг олгох үүднээс ийнхүү гурван сарын өмнө удирдамжийг хүргүүлж буй"-гаа онцолж байсан.
Уралдаанаар Баянхонгор аймгийн уугуул,Төв халхын алдарт уртын дуучин МУСТА Ч.Намжилын 80 насны тэгш ойг төрөлх нутагт ёслон тэмдэглэж, бүтээл туурвилыг нь олон нийтэд таниулах зорилготой. Мөн монгол уртын дуу, төв халхын ая дан, урын санг баяжуулах, өвлөн дамжуулах, ахмад үеийн дуучдын дуулах арга техник, дэг сургалтыг судлан сурталчлах явдал юм.
Уралдаан мэргэжлийн уран бүтээлч, ардын авьяастан, хүүхэд гэсэн ангиаллаар явагдах бөгөөд хоёр үе шатад Ч.Намжилын нэр бүхий дуунуудаас сонгон дуулж өрсөлдөх аж. Хүүхдийн төрөлд эхний таван байр 1.7 сая, Ардын авьяастан 2.8 сая, Мэргэжлийн уран бүтээлчид 7.8 сая, Дуучны нэрэмжит шагнал хоёр сая, шилдэг морин хуурч нэг сая төгрөгийн шагналтай. Шагналын сан нийтдээ 15 сая төгрөг байх бөгөөд уралдаан дөрөвдүгээр сарын 19, 20-нд Баянхонгор хотноо болох юм байна.
“Төв халхын алдарт уртын дуучин” нэрээр олноо өргөмжлөгдсөн Ч.Намжил нь Монголын үндэсний урлагийн бахархал, өв сан болсон уртын дуугаа өвлөн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж ирсэн эрхэм. Тэрээр аймгийн Хөгжимт Драмын Театрт ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарч, Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жил, найман жилийн сургуулиудад Уртын дууны дугуйлан хичээлүүлж, 1000 шахам хүүхдэд уртын дуугаа зааж сургажээ.
                                                                                                                                                   Б.Мөнхзул
Related news