Бүх худаг литр усыг хоёр төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-18 20:55:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор Чандмань" ХК оны өмнөхөн аймгийн төвийн нэгдсэн шугамд холбогдсон таван усан санг ухаалаг системд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Ухаалаг худаг олон давуу тал бий болгож байгааг албаныхан, иргэд ч хэлж байна.
Иргэд ухаалаг худгаас ундны усны хэрэгцээгээ хэдийд ч хангах боломж бүрдсэн төдийгүй Засаг даргын захирамжийн дагуу харилцан адилгүй байсан ундны усны үнийг бүх усан сангууд хоёр төгрөгөөр худалдаалах болсон юм.
Мөн картын дугаараар тухайн хэрэглэгчийн усны хэрэглээг хянах боломжтой болжээ. Ухаалаг усан санд байршуулсан тавган антеннаар уг мэдээллийг "Чандмань Баянхонгор" ХК нэгтгэж, усны хэрэглээний нэгдсэн мэдээлэл болон харьцуулсан судалгааг тогтмол гаргаж, үйлчилгээндээ анхаардаг болсон байна. Түүнээс гадна худгуудыг "Чандмань Баянхонгор" ХК-тай шууд холбогдох камераар ундны усны аюулгүй байдал, усан сангийн бүрэн бүтэн байдлыг хянадаг болжээ.
Дашрамд дуулгахад, Ухаалаг усан сангаас ус авах зааврыг дагаагүй, зүй зохистой ашиглаагүйгээс болж хүйтний эрч чангарсан энэ үед худгийн ойр орчимд мөсөн бүрхүүл тогтох болжээ. Хүүхэд, хөгшид бэртэж гэмтэж болзошгүй нөхцөл байдал байнга үүсэх болсноос уг мөсөн гадаргууг "Чандмань Баянхонгор" ХК өнжөөд нэг удаа хусч цэвэрлэх "илүү ажилтай" болсон байна. Саванд ус дүүрэхэд Хаах гэсэн тэмдэглэгээтэй улаан товчийг дарж, цоргыг савнаас сугалалгүй 20-30 секунд хүлээж, цоргон дахь усыг дуустал барих ёстой байдаг байна. Мөн усаа авч дуусаад, цоргыг зориулалтын тогтоогуурт угсрахдаа уруу харуулж байрлуулах нь ус дамжуулах цоргыг хөлдөлтөөс хамгаална гэдгийг албаныхан сануулав.
                                                                                                                              Б.Мөнхзул
Related news