Хууль хэрэгжүүлдэггүй зарим компанийн үйл ажиллагааг зогсоохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-18 16:43:36
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн өмнөд бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөл оролцсон “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөн энэ сарын 17-нд Сайншандад боллоо.
Уул уурхайн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, компаниудын хариуцлагыг дээшлүүлэх, татварыг цаг хугацаанд нь төлдөг болгох, байгаль орчин болон хүний амьдрах орчинд тулгарсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан зөвлөлгөөнд 60 гаруй аж ахуй нэгжийн 130 гаруй төлөөлөл оролцов.
Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Мандах, Сайншанд сумын  Засаг дарга нар, сумдын байгаль орчны байцаагчдаас гадна аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХЕГ, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн газар, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд  оролцож, мэдээлэл  хийлээ.
Хуулийн дагуу орон нутагт төлөх ёстой татвараа төлдөггүй, байгаль орчин сүйтгэдэг цөөнгүй компани байгааг зөвлөлгөөний үеэр ярилаа. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оролцож Дорноговь аймгийн байгалын баялгийг олборлож ашиг олж байгаа ч хууль дээдэлдэггүй, татвараа цаг хугацаанд нь төлдөггүй, байгаль орчин сүйтгэдэг зарим компанийн үйл ажиллагааг хааж, тодорхой арга хэмжээ авахыг санууллаа.
Ялангуяа тус аймгийн Хатанбулаг суманд төмрийн хүдэр олборлож Хангийн боомтоор өмнөд хөрш рүү экспортолж байгаа “Мон лаа” ХХК-ийн үйл ажиллагааг хаахаар болсныг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдсэн. Учир нь тус компани төмрийн хүдэр тээвэрлэхдээ батлуулсан замын трассын дагуу тээвэр хийдэггүй, олон салаа зам гаргадаг, малчдын бэлчээр, байгаль орчинд  ноцтой хохирол учруулсан гэж орон нутгийн иргэдээс дээрх компанитай холбоотой өргөдөл гомдол ирсэн байна.
Цаашид хууль дээдэлж ажиллах, орон нутгийн иргэдийг ажлын бараар хангах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, орон нутгийн төрийн байгууллагуудтай холбоотой ажиллахыг уул уурхайн компаниудад үүрэг болгов.
Х.Эрдэнэбулган

Related news