П.Батсайхан Монголын усан спорт сонирхогчдын холбоог тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-17 18:01:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын усан спорт сонирхогчдын холбоо /МУССХ/-ны III их хурал өнгөрсөн даваа гарагт МҮОХ-ны хурлын тэнхимд болж, холбооны гишүүд шинэ ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.

Тус холбоо 1991 онд байгуулагдаж 1995 онд ОУУСХ-нд элссэн юм. Энэ удаагийн ээлжит их хуралд МУССХ-ны тэргүүлэгч гишүүд, тамирчид, тамирчдын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл болон усан спорт сургалтын төвүүдийн төлөөлөл оролцсон юм. 2006 оноос хойш хуралдаагүй тус холбооны ээлжит их хурлаар МУССХ-ны шинэ удирдлагыг томилох болон цаашид зохион байгуулах үйл ажиллагааны асуудлаар нийт гишүүд хэлэлцэж санал бодлоо солилцлоо.



МУССХ-нй Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах: "Хурлын үр дүнд нийт олонхийн саналаар Монголын тэргүүлэгч бизнессмен Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан МУССХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Холбооны шинэ ерөнхийлөгч, 2020 оны Токиогийн олимп ойртож байгааг сануулаад, холбооны удирдлага болон гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж, багш дасгалжуулагч нарын ур чадварт эн тэргүүнд анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо" гэв.

Хангарьд клубын захирал Ж.Даваахүү, зөвлөх Баясгалан , Х.Ганбаатар болон Ж.Од нарын гишүүд тус хурлаар олонхийн санал авч МУССХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ийнхүү 11 жилийн дараа хуралдсан тус хурлын үр дүнд “Токио-2020” зуны олимпийн наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр санал нэгджээ.  Улмаар тамирчдын бэлтгэл сургуулилт сайжирч, календарт тэмцээн уралдааныг олноор зохион байгуулж, амжилтаа ахиулахад анхааран ажиллахаар болов.

 

Д.Өлзий

Related news