Аймгийн музей уран зургийн танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд уран зургийн галерей нээлтээ хийлээ. Тус галарейгаар дамжуулан Баянхонгор аймгийн чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж, худалдаалах боломжтой болж байна.
Баянхонгор аймгийн ИТХ-аас энэ оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой нээгдэж буй уг үзэсгэлэнгийн танхим аймгийн уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан аймаг, орон нутгийн үзэсгэлэнт байгаль, аж байдлыг сурталчилан таниулахад онцгой ач холбогдолтойг албаныхан хэлж байна. Нөгөө талаар чөлөөт уран бүтээлчдийг дэмжих чухал алхам боллоо.
Энэхүү танхимыг бий болгоход аймгийн Түүх, угсаатны зүйн музейн хамт олон, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, соёл урлагийн салбарын хамт олон дэмжиж, хамтран ажиллажээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ч.Сосорбарам, Г.Цэрэндорж, Ш.Жамбалгаадан, Т.Батжаргал, Д.Батжаргал, А.Хоогой зэрэг үе үеийн уран бүтээлчдийн байгаль, эх нутаг, хөрөг, аж байдал, зан заншилыг илтгэсэн зургийн олон урсгалыг харуулсан уран бүтээлүүд дэлгэгджээ. Үзэсгэлэнгийн танхим тогтмол ажиллах бөгөөд бүтээлүүдийг нээлттэй худалдах аж.
Б.Мөнхзул