Цэвэрлэх байгууламжийн ажил энэ онд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-17 00:23:22
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Азийн Хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментой уулзаж Сайншандад барих цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр цэвэрлэх байгууламжаас гадна  хөдөө аж ахуйн шинжилгээний болон Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын албанд лаборатори байгуулах, Сайншанд суманд хогийн машин, ус зөөвөрлөх машин, хог ангилах бункер, Замын-Үүд суманд хоёр ширхэг хогийн машин, хогийн бункер зэргийг шийдвэрлэж өгөхөөр болов.
Дорноговь аймгийн төв Сайншанд хот ар, өвөр  гэх хоёр сууринтай. Тийм учраас цэвэрлэх байгууламжийг барихдаа зөвхөн Сайншанд хотын бус арын төмөр замын суурингийн бохирын асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэхээр орон нутгаас санаачилга гаргасан нь биеллээ олж төлөвлөгөөт ажилд  тусгагдсан аж.
Мэргэжилтнүүдийн тооцож буйгаар Сайншанд суманд 1200 шоо метр, арын төмөр замд 400 шоо метр бохир усыг өдөрт цэвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа ажээ. Ар, өвөр Сайншандыг нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болгосноор бохир усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох юм.
Цэвэрлэх байгууламжийг Сайншандаас баруун урагш төмөр замаас цааш барихаар төлөвлөсөн бөгөөд нийт  3.7 сая ам.долларын өртөгтэй. Бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлэхээр болжээ. 
Х.Эрдэнэбулган
Related news