Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-05 13:13:04
Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн Эрдэнэ мэргэн догшин ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой энэ онд тохиож байна.
Их хутагтын мэлмий гийсний түүхт ойг тэмдэглэх талаар энэ оны нэгдүгээр сарын 04-нд Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргажээ. Хурлаар ойн баяр наадмыг зохион байгуулах төв болон салбар зургаан комиссыг томилж үйл ажиллагааны бэлтгэл ажлын төлөвлөгөө, баярын арга хэмжээний хөтөлбөр, шаардагдах зардлын төсвийг боловсруулж ирэх хоёрдугаар сард багтаан батлуулж ажиллахыг комиссын дарга, гишүүдэд даалгасан байна.
XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.
Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан туурвиж, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан гэж судлаачид үздэг.
Мөн түүний эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд эдүгээ шашин соёлын томоохон өв болон Дорноговь аймгийн төв Сайншанд хотын Данзанравжаагийн музейд хадгалагдаж байна.
Х.Эрдэнэбулган
Related news