“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-31 23:49:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээ одоо жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд он солигдох энэхүү мөчид нийслэлчүүддээ хандаж төв талбайгаасаа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, "Дэлхийн улс орнууд, дэлхийн хотууд өөрийн хамгийн хүндтэй газраа цугларч шинэ оноо угтдаг сайхан уламжлалтай. Манай Улаанбаатарчууд ч ялгаагүй жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд цугларч шинэ оноо баяр баясгалантай, инээд хөөртэй угтдаг билээ. Улиран одож буй 2017 он бидний амьдралд аз жаргал, сайн сайхныг болоод алдаа оноог ч авчирсан. Өнгөрсөн онд Улаанбаатарчууд өмнөө тавьсан зорилтоо хангалттай сайн биелүүлж, хичээн зүтгэж улс орныхоо өмнө болоод нийслэлийнхээ хөгжлийн төлөө зүтгэсэн. Ирж буй 2018 он манай нийслэл хотод, нийслэлийн иргэн бүрт хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байх болно гэдэгт итгэлтэй байх болно" гэв.

Тус цэнгүүний үеэр иргэдэд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гараад байгаа ба нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын ажилтнууд ажиллаж байна.

Ёслолын ажиллагаа 21:00 эхэлж, алдартай хамтлаг, дуучдын уран бүтээлээр үргэлжилж буй. Нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус жанжин Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Related news