Замын-Үүдэд 15 мбт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-27 13:43:03
Дорноговь /МОНЦАМЭ/. Ирэх онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 мбт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар болжээ.
Японы “Шигэмицу Шожи” групп, “Sharp” корпораци, Монгол Улсын “Эрчим тээг” ХХК-ийн хамтарсан 25 сая
ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх нарны цахилгаан станцыг барих бөгөөд жилд 28 мянга гаруй айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэх эрчим хүчийг үйлдвэрлэж Монгол Улсын төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ.
Цахилгаан станц барьсанаар эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 орчим мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх боломжтой гэж албаныхан тооцоолжээ.
Нарны цахилгаан станцын барилгын ажлыг 2018 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Дашрамд дурдахад Улаанбаатараас 600 орчим км алслагдсан Замын-Үүд сум цахилгаан хэрэглээгээ төвийн эрчим хүчнээс авдаг бөгөөд хэт алслагдсан учир эрчим хүчний алдагдал байнга гардаг аж. Иймд дээрх нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Замын-Үүдийнхэн эрчим хүчний алдагдлаас гарах боломжтой гэнэ.
 Х.Эрдэнэбулган     
Related news