Замын-Үүдэд бүс нутгийн ложистикийн төв баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-26 16:37:44
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүс нутгийг хөгжүүлэх ложистикийн төв баригдаж байна.
Ложистикийн төвийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, таван сая ам.долларын буцалтгүй тусламж, мөн Монгол Улсын Засгийн газрын 26 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2012 оноос эхлэн зураг төсвийг нь гүйцэтгэж барьж эхэлжээ.
Ложистикийн төвийн бүтээн байгуулалтыг олон улсын нээлттэй тендерт шалгарсан БНХАУ-ын 21 дүгээр товчоо гүйцэтгэж буй. "Одоогоор ложистикийн төвийн 3.6 км цэвэр усны шугам, төмөр замын гүүрэн байгууламж, 1.6 км авто зам, 11.5 км төмөр зам,  110 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл зэрэг ажлыг хийж дуусгасан.
Ложистикийн төвийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын импорт, экспортын барааны дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх олон боломж бий болно" гэж  Бүс нутгийн  ложистикийн төвийн төслийн зохицуулагч Д.Энхбаатар хэлэв.
Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр барьж буй бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны есдүгээр сар гэхэд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй.
Х.Эрдэнэбулган
Related news