Хүүхэд, гэр бүлд ээлтэй шилдэг байгууллагуудыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-19 09:49:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дунд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулжээ.

Тус уралдаанд оролцохоор нийт 25 байгууллага материалаа ирүүлснээс хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, гэр бүл төлөвлөлт, харилцаа, хандлагын талаар нөлөөллийн ажил зохион байгуулсан зэрэг үзүүлэлтээр тус дүүргийн тавдугаар хорооны хамт олон тэргүүлжээ. Мөн тус дүүргийн 71 дүгээр сургууль, 59 дүгээр цэцэрлэг хүүхдэд ээлтэй сургууль, “ Гүүд Нэйборс” ТББ хүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллагаар шалгарсан байна. Харин “Хүүхдийн урлан бүтээх төв” хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллагаар, “Аз хур” компани худалдаа, үйлчилгээний байгууллагаар шалгарчээ.
 
Шагналыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа гардуулж, Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө идэвх санаачилгатай ажиллахыг уриалав.

Ч.Ариунболд
Related news