Малын хүзүүнд гэрэл ойлгогчтой тууз зүүж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-13 10:34:36
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын захирагчийн Ажлын албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бод малын хүзүүнд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүж эхэллээ.
Мянганы замын босоо тэнхлэгийн авто зам буюу Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн замын ойролцоо нутаглах малчдын 650 гаруй малд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүжээ. Гэрэл ойлгогч зүүлт нь үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй орчинд цацарч харагддаг аж.
Зам тээврийн ослоос сэргийлэх, малаа хараа хяналттай байлгах, малчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх туузыг зүүсэн бөгөөд малчдад холбогдох замын хөдөлгөөний дүрмийн заалт бүхий материалыг гарын авлага болгон тараасан байна.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайран өнгөрдөг төдийгүй хүн нас барсан гэмтсэн ослыг нарийвчлан судлахад  зам хөндлөн гарч яваа мал дайрсан тохиолдол цөөнгүй байдаг аж.  
Х.Эрдэнэбулган
Related news