Шилдэг залуу эмч нарыг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-05 14:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбооноос энэ сарын 19-нд “Үндэсний ирүүлийг сахигч” ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Ёслолын хүрээнд дүрс оношилгоо, уламжлалт эмчилгээ, мэс засал, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 22 төрлөөр шилдэг залуу эмч нарыг тодруулж, “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөлийг олгох юм. Шагналд нэр дэвшигч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх зэрэг шалгуур болзлыг хангасан байх аж.

Шилдэг эмчийн материалыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл МЗХ-ны 207а тоотод хүлээн авах бөгөөд бүхий л салбарын эмнэлгүүд салбар тус бүрт эмч нараа тодорхойлон ирүүлж болох гэнэ.

Б.Туул 

 

Related news