Химийн хортой, аюултай бодисын асуудал хариуцсан салбар зөвлөл байгуулах санал гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 54 хувь нь энэ талаар тусгай зөвшөөрөлгүй, химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршил стандартын шаардлага хангаагүй, эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчлүүд саяхан хийсэн шалгалтаар илэрчээ. Мэргэжлийн хяналтын газраас “Химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах бодис, бордооны ашиглалт, хадгалалт, устгалын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний тухай” мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахдаа дээрх баримтыг онцолсон юм.
Иймээс аймгийн Засаг даргын дэргэд “Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар зөвлөл” байгуулах, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилд зарцуулах зардлыг төсөвт нь суулгаж хэрэгжилтэд нь хяналт тавих, зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа хугацаа хэтэрсэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах хүртэлх хугацаанд зориулалтын агуулахад түр хугацаагаар төвлөрүүлэн хадгалах ажлыг зохион байгуулах зэрэг саналтай байгаагаа Мэргэжлийн хяналтын газраас ИТХ-ын хурлын тэргүүлэгчдэд танилцуулсан байна.
Тэргүүлэгчид уг асуудлыг ажил хэрэг болгох зүйтэй хэмээн үзэж, дараагийн хурлаар “Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг боловсруулан танилцуулж хэлэлцүүлэх үүрэг өгсөн байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж буй 37 ААНБ хяналт шалгалтад хамрагдсанаас төрийн өмчит дөрөв, хувийн хэвшлийн 13, ерөнхий боловсролын 11 сургууль, их дээд хоёр сургууль, судалгаа шинжилгээний лаборатори тав, хими цэвэрлэгээний газар хоёр байна. Тус газрууд давхардсан тоогоор 1400 нэр төрлийн 5541.15 т химийн хортой болон аюултай бодис ашиглаж, хадгалж байгаа ажээ.Тэргүүлэгчид уг асуудлыг ажил хэрэг болгох зүйтэй хэмээн үзэж, дараагийн хурлаар “Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг боловсруулан танилцуулж хэлэлцүүлэх үүрэг өгсөн байна.
2013 онд химийн хорт болон аюултай бодисын ашиглах тусгай зөвшөөрөлтэй болон химийн бодисын эрсдэлийн үнэлгээтэй аж ахуйн нэгж, байгууллага тус бүр долоо байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар 17, 16 болж нэмэгджээ.
Энэ бүхэнд Мэргэжлийн хяналтын байгууллага ургамал хамгаалах химийн бодис, химийн хортой ба аюултай бодисын сав баглаа боодол, арьс ширний үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодис зэрэг олон төрлийн бодис багтдаг ба эдгээрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж буй эсэхэд тогтмол хяналт тавьдаг байна. Ялангуяа өдөр тутам хэрэглэж буй хуванцар савны код тэмдэглэгээний талаар аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтан, ажилчид, иргэдэд таниулан сурталчлах тал дээр онцгойлон анхааран ажиллаж байгаа аж.
Л.Отгонбаатар