Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-11 13:12:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн "Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө салбаруудын хамтын ажиллагаа" аймгийн зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөний нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэлсэн үгэндээ, ДЭМБ-ын “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх" зарчмыг олон улсын чиг хандлагын дагуу манай аймаг баримтлан ажиллаж байна.
Энэ оноос Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль хэрэгжиж, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр шинээр хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн баримтуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж тодорхойлсны дагуу та бидний хамтын ажиллагаа юу юунаас чухал байна хэмээн онцоллоо. 
Бүтэн өдрийн турш үргэлжлсэн энэхүү зөвлөлгөөнд салбарын удирдлагууд оролцож Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэ онд Эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай орчин үеийн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, барилга байгууламж болох Шилэн эмнэлэг, Эрүүл элэг эхо, Өрхийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Хоол сургалтын төв төслүүдийг аймгийн төсвийн 265,0 сая төгрөгөөр, Орхон сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийн клиник лабораторийн тоног төхөөрөмж, жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв, “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” төсөл, Өрхийн Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авахад орон нутгийн хөгжлийн сангийн 48,9 сая төгрөгөөр, Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн дээврийн засварын ажлыг улсын төсвийн 60,0 сая төгрөгөөр, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн тусламжаар мобайл технологийн багаж тоног төхөөрөмж 30,7 сая төгрөгөөр, Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн өргөтгөлийн дотоод засварын гүйцэтгэлийн ажлыг ЭМЯ-ны 48,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.
Хүн ам өсөн нэмэгдэж, хил залгаа  аймаг, сумдын иргэд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ авч байдагтай холбогдуулан 50 ортой төрөх эмнэлгийг зайлшгүй барьж байгуулах шаардлагыг үндэслэн орчин үеийн тоног төхөөрөмжийн хамт 2018 онд шийдвэрлэхээр улсын төсвийн болон гадны хөрөнгө оруулалтаар хийлгэхээр саналаа холбогдох албаныханд хүргүүлээд байгаа ажээ.
Л.Отгонбаатар
Related news