Айраг сум Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгаа ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-11-05 18:37:22
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сум Эрүүл мэндийн төв өргөтгөлийн барилгаа дуусгаж энэ сарын 4-нд ашиглалтад хүлээн авлаа.
Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг тус аймгийн Нутгийн зөвлөлийн 120, аймгийн орон нутгийн Хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.
Мянганы замын босоо тэнхлэгийн дагуу Улаанбаатараас 320 орчим км алслагдсан Айраг сум нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээ, зах зээлийн багтаамжаараа аймгийн хэмжээнд Замын-Үүдийн дараа ордог томоохон сум юм.
Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг шинэчилж барьснаар хэвтэн эмчлүүлэгчид тохь тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэнээс гадна хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах аж. Эрүүл мэндийн төв нь нийт таван их эмчтэй, 22 ажилтантай бөгөөд сумын нийт 3700 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дашрамд дурдахад сүүлийн 10 жил тус аймгийн эрүүл мэндийн төв нь эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллажээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Айраг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Байгалмаа нар оролцов.
Х.Эрдэнэбулган
Related news