50х100 цогцолборын бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-31 00:01:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд аялал жуулчлалын томоохон цогцолборууд байгуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ онд 50х100 цогцолборын ажлыг эхэлж, одоо ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Өнгөрсөн онд сүү өргөх тогоо, сүү дусаах дөрөө, дэлхийн бөмбөрцөг, цацал зэргийг бүтээсэн бол бүтээн байгуулалт үргэлжилсээр автомашины зогсоол, явган хүний зам, зам дагуу нутгийн онцлог харуулсан бүтээлүүд урлан аялагч жуулчдын сонирхол татахуйц цогцолбор бүтээх гэнэ. Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд цаашид Далай ээжийн шүтээн, Алунгоо эхийн шүтээн, Бөө мөргөлийн цогцолборуудыг бүтээж Мөрөн суманд жуулчны гудамжийг байгуулахаар төлөвлөж байна.

Дэлхий дээр 50х100 градусын огтлолцол таарсан дөрвөн цэг байдгийн 2 нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт байдаг гэнэ. Тодруулбал хуурай цэгийн нэг нь  Канадын нутагт хурдны зам дээр таардаг учраас хүн очих боломжгүй бөгөөд  хоёр дахь нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөлийн нутагт давхацдаг байна. Энэхүү огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуураас хойш байрладаг.
Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай. Жуулчид Хөвсгөл нуур явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Мөн шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин ирэх иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Related news