Тариаланчдад зээлээр тоног төхөөрөмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-13 19:34:54
 Увс /МОНЦАМЭ/. Төмс хүнсний ногооны ургац хураалтын ажил Увс аймагт ид өрнөж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй хувьтай явж байна. Тэрчлэн үр тарианы дийлэнх хувийг тариалдаг Баруунтуруун суманд ургац хураалтын ажил эхлээд долоо хонож байна. Үүнтэй холбоотойгоор тариаланчдад нэг га-д 8 литрээр тооцож 50 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр шатахуун олгож эхэлжээ.

Тэрчлэн ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техник тоног төхөөрөмжийг 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр олгохоор тариаланчдын хүсэлтийг хүлээн авч байна. “Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас тариаланчдад тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг үзүүлж байгаа ч тариаланчдын хувьд шатахууны хөнгөлөлтөд хамрагдах гэхээр урьдчилгаа төлж чадахгүй байх, тоног төхөөрөмж зээлээр авах гэхээр өртөг өндөр, урьдчилгаа 20 хувиа төлж дийлдэггүй зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд их байна” хэмээн аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвмаа хэллээ.
Б.Батхүү
Related news