Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-10 20:49:37
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-аас санаачлан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг энэ жил онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын түүхэнд бараанаар бичигдэж, олон байгууллага, айл, өрхөд хор, хохирол авчирч, гамшиг тарьсан 1937 оны их хэлмэгдүүлэлт, улс орныг хамарсан хоморголон сүйтгэл, баривчилгаа хийснээс хойш 80 жил болжээ. Тодруулбал, энэхүү үйл явдлаас хойш 80 дахь жил, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх 22 дахь арга хэмжээг Хэнтий аймаг зохион байгуулсан юм.

“Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдөр”-ийн хүрээнд Хэлмэгдэгсдийн хөшөө, талбайг засаж янзлан, хуучин хөшөөг нь хэлмэгдэгсдийг буудан хороож байсан гэдэг Баянмөнх уулын баруун суга Мөргөцөгт байрлуулжээ.
Түүнчлэн энэ сарын 6-10-ны өдрүүдэд сум, суурин газар бүрт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, санан дурсах ажлыг зохион байгуулж, уулзалт, буян номын ажлыг хийх, хүндэтгэл үзлүүлэх, зул өргөх, кино үзүүлэх, хор хохирлыг таниулах зэрэг ажлуудыг хийсэн аж.

Хэнтий аймагт нийт 2800 орчим хүн хэлмэгдсэн тоо баримт бий. 
Д.Одонтунгалаг
Related news