Универсиад наадмаас медаль хүртсэн Монголын 52 дахь тамирчин Хэнтийнх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-28 19:25:29
Хэнтий /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны Универсиад наадмын пүүл биллъярдын спортын тэмцээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Б.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ.

Түүний аав Г.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан, ээж Г.Бямбасүрэн нь Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул хүмүүс аж. Залуу хосууд гэр бүл болж, Дэлгэрхаан суманд амьдарч байгаад, охиноо төрөөд хэдхэн хонож байхад Улаанбаатар хотод шилжин суурьшсан гэдэг.

Б.Нарантуяа 2006 онд аавыгаа найз нартайгаа биллъярд тоглож байхыг нь харсан цагаас хойш энэ спортод дурлаж, 12 настайдаа сонирхож эхэлсэн бөгөөд пүүл биллъярдын 6 удаагийн улсын аварга, спортын мастер юм. Тэр 2010 оноос Эфэс клубын тамирчин болжээ.
 
“Nine ball” буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр явагдсан Универсиад наадмын тэмцээний шөвгийн 8-д Б.Нарантуяа БНСУ-ын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, улмаар хагас шигшээ шатандаа зохион байгуулагч орон Тайванийн тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авсанаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Шигшээ тоглолт 2 цагийн турш тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, манай улсын 23 настай шилдэг тамирчин Б.Нарантуяа 6:9-ын харьцаатай хожигдсоноор мөнгөн медалийн эзэн болж, универсиад наадмаас медаль хүртсэн Монгол Улсын 52 дахь тамирчин боллоо. Харин Монгол Улсын 22 настай шилдэг залуу тамирчин Б.Уянга тэмцээний 4-р байрт шалгарсан амжилт үзүүлжээ.
 
Монголын Покет биллъярдын холбооноос пүүл биллъярдын УАШТ-ийг 2009 оноос хойш 8 удаа зохион байгуулахад 6-д нь спортын мастер Б.Нарантуяа түрүүлж байсан бол спортын мастер Б.Уянга 2 удаа түрүүлж байсан юм.

Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны Универсиад их наадамд энэ жил дэлхийн 5 тивийн 162 орноос 12.500 орчим тамирчин төлөөлөгч хүрэлцэн ирж, нийт 7.746 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Одоогоор Монгол Улсын баг тамирчид 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар 41 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй тамирчид маргааш пүүл биллъярдын багийн төрөлд мөн өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй баг аль аль нь хасагдах шатны тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч орон Тайванийн багтай хийнэ.
 Д.Одонтунгалаг
 
Related news