Аврах, гал унтраах анги Бахархалт үйлстэн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-20-нд шилжих шөнө 23:30 цагийн орчим цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал аймгийн Холбооны газарт гарч бүх үүрэн холбооны болон Монголын цахилгаан холбоо компанийн шилэн кабелууд шатаж гэмтсэн талаар бид мэдээлсэн.
Харин аймгийн ОБГ-ын Аврах, гал унтраах 16 дугаар анги дуудлагаар шуурхай ажиллаж, галыг бага хэмжээнд байхад нь унтраажээ.
"Хэрвээ өчүүхэн хугацаа алдсан бол LATc-н өрөө рүү нэвтэрч, хөргөлтийн фэррон хий агуулсан баллонуудад хүрч дэлбэрсэн бол ямар аюул гамшиг болохыг төсөөлөхөд бэрх юм. Эр цэргийг 1000 өдөр бэлтгэж, нэг өдөр ашигладаг гэдэг юутай үнэн" хэмээн онцгойнхны ажлыг аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагууд үнэлж байна. Тиймээс тус албаныхныг Баянхонгор аймгийн "Бахархалт үйлстэн"-ээр өргөмжлөн, шагналыг өнөөдөр гардуулан өглөө.