"Ёохор-2017" наадам Батширээт суманд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ "Ёохор 2017" ардын урлагийн наадам энэ сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд 3 дахь жилдээ байгуулагдлаа.
Тус наадам нь Буриад Монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг судалж сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлж, улмаар улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг бэхжүүлэх гол зорилготой юм.
Наадмыг Батширээт сумын ИТХ, ЗДТГ, “Батширээт хөгжлийн сан” зохион байгуулж, Хэнтий аймгийн ЗДТГ ивээн тэтгэсэн бөгөөд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга болон урилгаар олон зочид төлөөлөгчид оролцлоо.
Наадамд 12-оос дээш насны сайн дурын болон сонирхогчдын, 6-16 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй багууд Буриад ардын Ёохор дуут бүжиг болон мартагдаж буй нутаг нутгийн Ёохорын дуу бүжгийг сонгон сэргээж, уламжлалт болон тайзны төрлөөр өрсөлджээ.
"Ёохор 2017" наадамд нийт 5 баг оролцсоноос Гранпри шагналыг Батширээт сумын "ТООНОТ" баг хүртлээ. Дашрамд дуулгахад Батширээт сумын ИТХ-ын шийдвэрээр “Ёохор” наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.