Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 24 хүн хамгаалуулах байраар үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байрлуулан хамгаалах байр тус аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2014 оны хоёрдугаар сард байгуулагдан ажиллаж байна. Хамгаалах байранд 2014 онд 15, 2015 онд 17, 2016 онд 33, 2017 оны хагас улиралд 24 хохирогч хандан үйлчлүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж, бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг хэлдэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь
-Давтагддаг
-Даамжирдаг
-Далд байдгаараа онцлогтой.
Сүүлийн 6 жилийн дотор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас улсын хэмжээнд 94 хүн амь насаа алдаж, 4363 хүн гэмтсэн гэсэн статистик мэдээ Цагдаагийн ерөнхий газарт бий. Гэр бүлийн таагүй орчин, бусад шалтгааны улмаас жилд 432 хүн амиа хорлож байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 88.1 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийллийн 5 хохирогч тутмын нэг нь л цагдаагийн байгууллагад ханддаг аж. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд зааснаар та гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй. Хэрэв мэдээлээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Хэрвээ танд болон таны орчин тойронд байгаа хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл:
·Хэнтий аймаг дахь Цагдаагийн байгууллага \Холбоо барих утас: 7056-102\
·Нутгийн захиргааны байгууллага алслагдмал хөдөө орон нутагт цагдаа ирэх боломжгүй тохиолдолд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.
·Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гомдол, мэдээллийг гаргаж болно.
Д.Одонтунгалаг