Чилид их хэмжээний цас орсны улмаас 200 мянга гаруй хэрэглэгч тоггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-07-16 09:59:43
САНТЬЯГО./TASS/. Бямба гарагт Чилийн нийслэл Сантьяго хотод их хэмжээний цас орсны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Тус улсын Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, 215 000 хэрэглэгч тоггүй болсон байна.

Албаныхны мэдээлснээр, эмнэлгийн хамгаалагч эмнэлэг рүүгээ орох гэж яваад цасан дээр халтиран толгойгоороо юм мөргөн унасны улмаас амиа алджээ. Хоёр эмэгтэй тогонд цохиулсан ба тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсний дүнд тэдний биеийн байдал хэвийн байгаа аж. Цас ихээр орсны улмаас хэд хэдэн зам хаагдсан байна.

Долдугаар сар бол Чилийн нийслэлийн хувьд хамгийн хүйтэн сар боловч агаарын хэм 0-ээс доош огцом буурсан тохиолдол маш ховор байдаг. Чилийн нийслэл Сантьягод хамгийн сүүлд 2007 онд цас ихээр орж байжээ.
О.Барс 

 

 

Related news