Орон нутаг үндэсний үйлдвэрүүдээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-21 00:41:23
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын Төлөөлөгчид, хяналтын хороод, ажлын албаныхан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйлдвэрлэлийн явцтай танилцав. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг тус компаний Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал К.Энхчулуун нарын тус компанийн удирдлагууд хүлээн авч үйлдвэрээ танилцууллаа. Үйлдвэрийн өнөөгийн байдал болон “Уул уурхайн Металлургийн цогцолбор” байгуулах төслийн талаар мэдээлэл өгөв.
Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал К.Энхчулуун: “Манай үйлдвэр нь анх 1990-1993 он Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэж төмрийн хүдэр олборлон боловсруулж ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан. Эхний ээлжид хаягдал түүхий төмрийг боловсруулж барилгын материалын арматур, булан төмөр, ган бэлдэц үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө өөрийн нөөц бололцоонд тулгуурлаж Франц техник технологиор жилд 20 мянган тн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна. Мөн Төмөртолгой, Төмөртэй ордуудаас төмрийн хүдэр олборлож эхэлсэн бол “Төмөртэй орд” нь 25 сая тн-ын нөөцтэй гэж тогтоогдсоноос одоогоор ил 16 сая тн-ыг олборлоод байна” гэлээ. Тус  үйлдвэр нь Сэлэнгэ аймаг дахь Хандгайт өртөөнөөс “Төмөртэй”-н уурхайн чиглэлийн 22.9 км төмөр зам, Сэлэнгийн-Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумын чиглэлийн 104.5 км хатуу хучилттай авто зам, цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВт-ын 16МВт чадалтай Төмөртэй дэд станцыг өөрийн хөрөнгөөр байгуулсан нь орон нутгийн томоохон бүтээн байгуулалт болж чаджээ. Аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат: “Манай орны хувьд төмрийн үйлдвэрүүд хаягдал төмрөөс хараат байдаг. “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл бүрэн хэрэгжсэнээр энэ хараат байдлаас гарах боломж нээгдэж дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар нь улам л нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр гадаад валютын урсгалыг наашлуулж тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Мөн ажлын байр нэмэгдэж манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна.
Түүнчлэн одоогийн байдлаар уурхай, үйлдвэр нийлээд 1400 орчим хүн ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь манай Дарханы харьяалалтай иргэд байна. Цаашид 1000 гаруй ажлын байр нэмэгдүүлэх боломжууд харагдаж байна. Үүнээс үзэхэд тус үйлдвэр нь манай аймгийн эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, түшиц байгууллага учраас тус үйлдвэр үйл ажиллагааг өргөжүүлж сайжруулахад орон нутгийн засаг захиргаа дэмжиж хамтарч ажиллана” гэлээ.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Related news