“Дархан Минж” жилд 20-35 мянган нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монголын арьс ширний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, нэхий эдлэл үйлдвэрлэж борлуулах зорилготой байгуулагдсан салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм.
Монголын арьс ширний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, нэхий эдлэл үйлдвэрлэж борлуулах зорилготой байгуулагдсан салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм. Тус үйлдвэр одоогийн байдлаар арьсыг хагас болон бүтэн боловсруулж нэхий бэлэн гадуур хувцас, ажлын болон тусгай зориулалтын хувцс үйлдвэрлэж борлуулахаас гадна нэхий эдлэлд цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж байна. Эднийх аймгийнхаа 260 гаруй иргэдийг ажлын байраар хангаж ажилладаг бол 25 жилийн ойгоо саяхан тэмдэглэж үе үеийн шилдэг ажилчдад орон нутгийн болон салбарын шагналыг гардуулсан. Энэ үеэр тус компаний Ерөнхий захирал Б.Анхболдыг Дархан хотын “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан юм. “Дархан Минж” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Анхболд: “Манай боловсруулах үйлдвэр нь жилдээ 250 мянган ширхэг нэхий боловсруулж, 20-35 мянган ширхэг нэхий дээл, бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид Монгол орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон монгол хонины нэхийг орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар эх орондоо боловсруулж чанар стандартын шаардлага хангасан загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна” гэв.
Б.Норовсамбуу