Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн анхаарлын хандуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Тус хурлаар “Аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, үр дүн, цаашид хийх ажил”-ын талаар” аймгийн Эрүүл Мэндийн газрын НЭМТ-ийн Хөтөлбөрийн их эмч М.Гансүх, “Сургуулийн хүрээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаар” ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи Бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй, “Байгууллагын хүрээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн” сэдвээр УБТЗ-ын Дархан Татах хэсгийн дарга Н.Батболд нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд аймгийн 103-ын хүлээн авахад нийт 4944 дуудлага ирснээс 327 дуудлага нь архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага байна. Тиймээс Аймгийн ЭМГ-аас архидах согтуурахтай тэмцэх хүрээнд хэд хэдэн чиглэлээр тухайлбал НААҮГ, ОБГ, ДДЦС зэрэг байгууллагуудад тус бүр гурав, албан байгууллагуудад дөрвөн сарын хугацаанд архи, тамхигүй хамт олон сургалтыг 120 ажилчдад хийж архины хамааралтай 15 ажилчдыг сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээнд хамруулснаас дөрвөн хүн архинаас татгалзсан үр дүн гарчээ. Мөн Дархан сумын өрхийн таван ЭМТ, дөрвөн байгууллага, гурван ЕБС , дөрвөн дээд сургуультай хамтарч нийт 2071 хүнд гурван сэдвээр сургалт явуулсан байна. “Эрүүлжүүлэн саатуулах байр”-ан сард дөрвөн удаа нийт хагас жилийн хугацаанд 20 удаагийн уулзалтаар 300 хүнд сургалт мэдээлэл өгснөөс өөрийн сайн дураар 22 хүн архинаас татгалзах эмчилгээ хийлгэжээ. Мөн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын “Эрүүл мэндийн төв”-үүдийн өрхийн судалгаагаар 152 хүн архинд донтох өвчтэй байсаныг сайн дурын эмчилгээнд хамруулсан байна. Харин ХААИС нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Оюутан цагдаа” хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлж буй нь оюутнуудын дунд архины хамааралтай хэрэг зөрчил эрс буурч ихээхэн үр дүнд хүрч байгаа тухай ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй ярилаа. Түүнчлэн аймгийн ГХУСАЗСЗ нь гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бүх байгууллагууд хамтарч ажиллахад анхаарлаа хандуулах зүйтэй гэж үзлээ.
Б.Норовсамбуу