Шарынгол сумын “Эрүүл мэндийн төв”-ийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-15 14:08:43
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Эрүүл мэндийн төв”-ийн ажилтай танилцаж тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.
Тус Эрүүл мэндийн төв нь өөрийн сумын үндсэн 8500, сумыг тойрсон бичил уул уурхай эрхлэгчид, явуулын иргэд гээд нийт 12 мянга гаруй хүн амд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Эмнэлгийн барилга нь 1972 онд Шарын голын нүүрсний уурхайн ажилчдад үйлчлэх зориулалттай баригдсан. Зах зээлд шилжсэн үеэс эмнэлгийн ор, хүний нөөцийн тоо, төсвийн хэмжээ буурсаар одоо барилгын зөвхөн “Б” хэсгийг эмнэлгийн үйлчилгээнд ашиглаж байна. Сумын эмнэлэг нь 2013 оноос эхлэн сумын эрүүл мэндийн төвийн стандартын дагуу хүний нөөцийн тоог 70-аас 56 болгож цөөрүүлсэн боловч эмч, ажиллагсдын цалин, эмнэлгийн урсгал зардлын төсөв хүрэлцэхгүйгээс энэ оны эхний таван сарын байдлаар 35 сая төгрөгийн өр үүсчээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрүүл мэндийн яаманд удаа дараа хандсан тул Эрүүл мэндийн сайд тус сумыг зорин ирж дээрх асуудлыг талаар ярилцлаа.
Шарын гол сумын эрүүл мэндийн төвийг үйлчлэх хүрээний хүн амын тоо их, эмнэлгийн барилга нь том, тасаг нэгжийн тоо, үзүүлж байгаа тусламжийн төрөл олон тул эмнэлгийн хүний нөөцийг одоо байгаа орон тоог хэвээр хадгалж цалин, урсгал зардлын 35 сая төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэлээ. Мөн түргэн тусламжийн машиныг хүлээлгэж өгч олон жил эрүүл мэндийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан жолооч Н.Энхболд, А.Лхагвадаш, сувилагч Ж,Солонго, үйлчлэгч Б.Нямдаваа нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Related news